“Тал нутгийн Марафон - 2013” амжилттай болж өндөрлөв
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Тал нутгийн марафон-2013” олон улсын марафон гүйлтийн тэмцээн ням гарагт Налайх дүүргийн нутагт амжилттай болж өндөрлөлөө.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Марафон гүйлтийн холбоо, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран жил бүр зохион байгуулдаг тус тэмцээнд марафон гүйлтээр хичээллэдэг найман орны 480 тамирчид хурд, хүч, ур чадвараа сорилоо.
Тэмцээнийг нээж Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг сурталчлахад энэхүү тэмцээн чухал ач холбогдолтой юм” гэж онцолсон юм.
Тэмцээний үеэр
17 дахь жилдээ болсон "Тал нутгийн марафон"-д жуулчид, Монголд суугаа гадаад орны элчин сайд нар, дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагын ажилтнууд оролцлоо.
Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Шимизү Такенори л гэхэд марафон гүйлтэд тамирчны хувиар 2 дахь жилдээ оролцож байгаа юм.
Дэлхийн улс, хотуудын марафон тэмцээнүүдээс байгаль дээр, тал нутагт болдгоороо онцлог тус арга хэмжээнд оролцогчдын дийлэнхийг Азийн жуулчид, тамирчид эзэлдэг байна.