Залуу зохион бүтээгчдийг урамшуулав
Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагддаг “Залуу зохион бүтээгч-2013” олон улсын уралдааны шилдэг оролцогчид өнгөрсөн баасан гарагт тодорлоо. Сүүлийн шатанд 18 оролцогч үлдсэнээс эхний таван байрны эздэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг шагнал гардуулсан юм.
“Хог ачих автомашины тоноглол” бүтээлээрээ залуу зохион бүтээгч Б.Батзаяа тэргүүн байр, “Тосон нам даралтын зуух” бүтээлээрээ Н.Шинэтөр дэд байр эзэллээ.
Гуравдугаар байрт шүүгчид гурван оролцогчийг шалгаруулсан байна. “Монгол гэрийн нэмэлт цамхраа” бүтээлээр “Анима” дүрслэх урлагийн дээд сургуулийн оюутан Б.Далай-Эрдэнэ, “Дугуй засварын механик төхөөрөмж” бүтээлээр ОХУ-ын Буриад улсын Дорнод Сибирийн Технологийн их сургуулийн оюутан Б.Мөнхбаяр, “Монгол мото хадуур” бүтээлээр Хөвсгөл аймгийн 11-р ангийн сурагч Т.Мягмардорж нар тус тус шалгарчээ.
Шилдэг оролцогчдыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг гарын бэлгээрээ урамшууллаа.
Шилдэг оролцогчдод өргөмжлөл, медаль, ивээн тэтгэгч байгууллагуудын мөнгөн шагнал гардуулсны зэрэгцээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг гарын бэлгээрээ урамшуулсан юм.
“Өнөөдрийн хөгжлийг бүтээлцсэн Томас Эдисон 276 удаа бүтэлгүйтсэн ч шантралгүй оролдсоныхоо дүнд гэрлийн чийдэн бүтээсэн. Зохион бүтээгчдэд зорилготой, тууштай, шантаршгүй ийм чанар лхамгийн чухал” гэдгийг Засгийн газрын тэргүүн хэлээд, бүтээлч залуусыг дэмжих цогц бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгалаа.