С.Эрдэнэ “Унирверсиад” наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ОХУ-ын Казань хотноо Олон улсын оюутны “Унирверсиад” 27 дугаар наадамд Монголынхоо баг тамирчдын хамт 2013 оны 7 дугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд айлчлан, нээлтийн ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцлоо.
Олон улсын оюутны “Унирверсиад” 27 дугаар наадам 2013 оны 7 дугаар сарын 6-17-ны өдрүүдэд ОХУ-ын Казань хотноо Олон улсын оюутны спортын холбооны ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм.
Энэхүү спортын наадамд дэлхийн 166 орны нийт 14000 төлөөлөгч, баг, тамирчид спортын 27 төрлөөр , 351 багц медалийн төлөө хүч чадал, ур чадвараа уралдуулан өрсөлдөж байна.
Манай улсаас оролцож буй баг тамирчид хөнгөн атлетик, жудо, спортын гимнастик, самбо, сагсан бөмбөг, чөлөөт бөх, хүндийн өргөлт, бүстэй барилдаан, теннис, ширээний теннис, шатар, бадминтон, бокс, усанд сэлэлт, буудлага зэрэг 15 төрөлд нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.
Олон улсын оюутны спортын “Унирверсиад” 27 дугаар наадмын нээлт энэ сарын 7-ны өдөр Казань хотод ёслол төгөлдөр эхэлсэн бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин хүрэлцэн ирж, албан ёсоор нээснээрээ онцлог болсон байна.
Спортын наадамд дэлхийн 166 орны нийт 14000 төлөөлөгч, баг, тамирчид спортын 27 төрлөөр , 351 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Мөн зөвхөн “Унирверсиад” 27 дугаар наадамд зориулан ОХУ-ын Казань хотын өнгө төрхийг бүхэлд нь өөрчилж, нээлтийн ёслолын үйл ажиллагааны урлагийн тоглолтод 1000 гаруй жүжигчин, бүжигчид оролцож байсан нь энэхүү наадмын ач холбогдлыг илтгэн харуулжээ.
Манай улсын баг тамирчид Казань хотын оюутны хотхонд байрлан, тэмцээн уралдаандаа оролцож байгаа юм. ХАХНХ-ын сайд, хүндэт зочин С.Эрдэнэ Олон улсын оюутны спортын “Унирверсиад” 27 дугаар наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд оролцож, Монголынхоо нийт баг тамирчдад амжилт хүслээ.
Олон улсын оюутны спортын “Унирверсиад” 27 дугаар наадмын спортын уралдаан анх удаа спортын 27 төрөл болж өргөжсөн бөгөөд тэмцээн, уралдаан бүрийг Казань хотод шинээр байгуулсан 36 төрлийн цэнгэлдэх хүрээлэн, спорт талбайд зохион байгуулж байгаа юм байна.