2013.01.25

Нийслэлийн Иргэн танаа

Ил захидал

Эрхэм хүндэт Нийслэлчүүд ээ. Та бүхэндээ удахгүй гарах Арван долоодугаар жарны Тийн ялгуусан хэмээгч Усан могой жилийн мэндийг хүргэж, амар амгаланг айлтган мэндчилье.

Монголчууд бид өнө эртнээс жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг Цагаан сарын баяр хэмээн тэмдэглэж, идээ будаагаа зэхэж, сүү цагаагаа бэлдэн, муу муухайг эцэс төгсгөл болгон, сайн сайхныг билэгшээн угтдаг уламжлалтай билээ. Энэхүү уламжлалын дагуу иргэн бүр сайн ерөөл, сайхан билэгдлээр сар шинэдээ бэлтгэж байгаа нь дамжиггүй. Хотол түмнээрээ сар шинийн баяртаа бэлтгэх энэ өдрүүдэд нийслэлийн төвийн бүсэд хөдөлгөөний ачаалал эрс  нэмэгдэж түгжрэл үүсдэг билээ. Ялангуяа орон нутгаас нийслэлд ирэх тээврийн хэрэгслийн тоо ердийнхөөс 3-4 дахин нэмэгддэг. Тиймээс нийслэлийн Засаг даргын зүгээс сар шинийн бэлтгэлээ түгжрэлгүй, бухимдалгүй базаах боломжийг нийслэлийн иргэддээ бүрдүүлж өгөхийг хичээн ажиллаж байна. Онцлон хэлэхэд Та бүхний эрх ашгийн төлөө 2013 оны 1 дүгээр сарын 22-нд Сар шинийн баярын өдрүүдээр авах зарим арга хэмжээний тухай А/46 тоот захирамж гаргалаа.   Энэхүү захирамжийг  НИТХ-ын 2012 оны 4/14 дүгээр тогтоолын 4.3 дахь заалтыг үндэслэж бүрэн эрхийн хүрээнд гаргасан юм. 

Ийм шийдвэр гаргаснаар томоохон худалдааны төв,  захуудын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт орж, алслагдсан гэр хорооллын чиглэлээс худалдааны төвүүд рүү очих буухиа автобусны үйлчилгээг шинээр нэвтрүүллээ. Буухиа автобус нь Яармаг, Баянхошуу, Дэнжийн мянга, Долоон буудал зэрэг 12 чиглэлээс 2 цаг тутамд явах бөгөөд 400 төгрөгөөр иргэд та бүхэнд үйлчилнэ. Энэ буухиа автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих эрхийн үнэмлэхээрээ үнэ төлбөргүй зорчино. 

Мөн нийслэлийн удирдлагын зүгээс сар шинийн өмнө худалдааны зах, төвүүд болон зам дагуух байрлалтай худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг сунгах, гаднах талбай, автомашины зогсоолд тухайн байгууллагууд өөрсдөө  нэмэлт хүн гарган зохицуулалт хийх, түгжрэл саатал үүсгэхгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Хотын төвөөс алслагдсан Нисэх, Яармаг, Ботаникийн цэцэрлэг орчмын иргэддээ зориулан тухайн газруудад цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар боллоо.  

Мөн сар шинийн баярын өмнөх амралтын өдөр  буюу  01 дүгээр сарын  26,  02 дугаар сарын 02-ны бямба гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, 01 дүгээр сарын 27, 02 дугаар сарын 03-ний ням гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгойгоор төгссөн авто тээврийн хэрэгсэл нийслэлийн ИТХ-аас тогтоосон хязгаарлалтын бүсэд өглөөний 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохгүй байх зохицуулалт хийхээр боллоо. Баярын өмнөх өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөн гамшгийн хэмжээнд хүрч, бүтэн өдрөөр түгжирч болзошгүй байгаа учраас иргэдээ уур бухимдалгүй байлгах, алтан цагаа түгжрэлд өнгөрүүлэхгүйн тулд ийм зохицуулалтын түр арга хэмжээг авахаас аргагүй болсноо дахин учирлан хэлье.

Тэгш, сондгойн хязгаарлалт зөвхөн сар шинийн баярын өмнөх амралтын дөрвөн өдөрт хэрэгжих түр арга хэмжээ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлаж байгаа учраас эдгээр амралтын 4 өдөрт нийтийн тээврийн үйлчилгээнд том оврын 200 автобусыг нэмж гаргах болно.  Амралтын өдөр үйлчилгээнд гарч байгаа автобусууд ажлын цагийн хуваариар иргэд Та бүхэнд үйлчлэх юм. Сар шинийг угтсан түр зохицуулалт замын хөдөлгөөний хэт ачаалллыг бууруулж,  иргэдийнхээ ая тухтай байдлыг хангах зорилготой учраас нийслэлийн иргэн Та өөрийнхөө болон өрөөл бусдын эрх ашгийг хүндэтгэж сар шинийн баярын өмнөх замын хөдөлгөөний түр зохицуулалтуудыг дагаж мөрдөхийг хүсье.   

Нийслэлийн Засаг даргын зүгээс нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа шийдвэрийг гаргахдаа урьдын адил иргэдийнхээ санаа бодлыг сонсдог, оролцоог хангадаг ил тод, нээлттэй зарчим баримтална гэдгээ энэ дашрамд илэрхийлье.  

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.  
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.БАТ-ҮҮЛ