"Автобус 1" компанийхан ажил хаялтаа “түр” зогслоо
2012.11.06

"Автобус 1" компанийхан ажил хаялтаа “түр” зогслоо

Нийслэлийн иргэдийн цөөнгүй хувь нь өнөөдөр ажил, сургууль, цэцэрлэгээсээ хоцров. Суух автобусаа хүлээж бухимдсан, даарсан иргэд автобусны буудалд цуглалаа. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг, ялангуяа хотын захын, гэр хорооллын чиглэлд зорчигчдыг тээвэрлэдэг “Автобус-1” компанийнхан өнөөдөр ажил хаяснаас дээрх байдал үүссэн хэрэг. Иргэдэд урьдчилан мэдээлээгүй учраас өнөөдөр ажлаасаа хоцорч даргадаа донгодуулсан ажилтан, багшдаа зэмлүүлсэн сурагч цөөнгүй байсан биз. Чухам ямар учир шалтгаанаар бидний нэрлэж заншсан “цагаан, ягаан” өнгийн автобуснууд ийнхүү зогсох болов? Асуултын хариуг олохоор “Автобус-1” компанийг зорилоо. Тус компанийн баазын үүдээр ортол Нисэх, Шархад, Хайлааст, Яармаг гэх зэрэг 11 чиглэлийн автобуснууд ярайтал эгнэн жагсч, ажил үүргээ умартсан кондуктор, жолооч, механикч гэх гуч шахам ажилчид нэг автобусанд бөөнөөрөө сууж, зовлон, жаргалаа хуваалцан байлаа.

Яагаад ажлаа хаях болов?

Ажил хаялтыг зохион байгуулсан “толгойлогч” нь тодорхойгүй.  Нэрээ нууцлахыг хүссэн ажилчид “Бид олон жилийн турш өөрсдийнхөө төлөө тэмцэж, үгээ хэлж байсан боловч манай удирдлагууд бидний хүсэлтийг шийдвэрлэж байсангүй. Тиймээс энэ удаад ажил хаялт зарлахаас өөр аргагүй байлаа. Нэг цагийн буюу нэг эргэлтийн орлогын даалгаврыг хэт өндөр байна, цалин бага байна, ажлын ачаалал ихтэй ч илүү цагийн мөнгө огт боддоггүй, ажлын дарамт ихтэй, хүнд нөхцөлд ажиллаж байгаа” зэргээр ажил хаясан шалтгаанаа тоочив.

“Автобус-1” компанийн жолооч, кондукторууд хоёр ээлжээр ажилладаг гэнэ. Өглөө 06.15-15.30 цаг хүртэл, 15.30-22.00 цаг хүртэл.

Чиглэл бүрийн автобуснууд тогтсон норм биелүүлэх ёстой бөгөөд нормоо биелүүлээгүй бол цалингаас хувьчлан хасдаг нь ажил хаялт зарлах хамгийн гол шалтгаан болжээ.

Компанийн удирдлагууд олон жилийн орлого, туршлагад үндэслэн нэг эргэлт хийх хугацаанд хийх орлогын тарифыг тогтоосон байна. Тодруулбал, Шар хад-III, IV хороолол чиглэлийн автобусны кондуктор нэг эргэлтэд 56 мянган төгрөг, Хайлааст-Багшийн дээд чиглэлийн автобусны кондуктор 22 мянган төгрөгийн билет тасалсан, тодруулбал, дээрх хэмжээний орлого олсон байх ёстой гэнэ.

Кондукторуудын хэлснээр ихэнх зорчигч хөнгөлөлтийн карт үзүүлж үнэгүй зорчдог учир байнга нэхдэг энэ мөнгийг олоход үнэхээр хэцүү байдаг гэнэ.

Тиймээс тарифыг болиулах хүсэлтэй байгаа аж. Өнгөрсөн наймдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн Замын хөдөлгөөнийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн орлого дунджаар 20 хувь нэмэгдсэн гэх тооцоо бий. Гэтэл “Автобус-1” компанийнхан ямар учраас нормоо биелүүлж чадахгүй байдалд хүрсэн тухай жолоочоос лавлахад, “Иргэд нийтийн тээврийг сонгох нь ихэсч, орлого ч сайжирсан гэсэн. Гэвч манай компанийн хувьд хязгаарлалт тогтоосон хотын төвийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн ганц чиглэл буюу Шархад-III, IV хороолол чиглэл л явдаг. Тиймээс энэ бүхэн бидэнд огт хамааралгүй” гэв.
Хэдийгээр ажилчид илүү цаг боддоггүй гэцгээж байсан ч кондукторууд дунджаар 530 мянга, жолоочид 600 мянган төгрөгийн цалинтай гэнэ.


Ажлын хэсгийн хуралдаан ширүүхэн болов

Ажилчид нэгэнт автобусандаа суулт зарласан тул Нийслэлийн нийтийн тээврийн газар, Монголын тээвэр холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо болон том оврын автобус компанийн ажилтны төлөөллүүд асуудлыг шийдвэрлэхээр шуурхай хуралдсан юм. Хурлын танхимын хаалгыг “Автобус-1” компанийн дөрвөн бие хамгаалагч тушаалын дагуу биеэрээ таглан биднийг оруулаагүй тул  хурлын “халуухан процесс”-ийг сонсч чадсангүй. Хуралд оролцогчид ямартай ч нэлээд ширүүхэн байгаа нь хаалганы цаанаас сонсогдож байлаа.

Хурлын үеэр Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.Пүрэвсамбуу “Энэ системд олон жил ажилласан хүний хувьд эдийн засгийн үндэслэлийг зөв тавьж өгөөд, цалин хөлсний нормыг зөв шийдээгүйгээс болж ийм байдалд хүрч байна. Манай хамгийн сайн үйлчилгээтэй компани ийм байдалтай байгаа хойно бусад компаниуд цаашид хэцүүдэх нь тодорхой. Нийтийн тээврийн газрын үйл ажиллагааны алдаатай бодлогоос болж ийм байдал хүрээд байна. Эхний ээлжид ажилчдын илүү цагийн мөнгийг маш зөв бодох хэрэгтэй байна. Нийтийн тээврийн газрын бодлогыг эргэн харахад илүүпэхгүй болов уу” гэж ярьсан юм.

Ажил хаялт “түр” зогслоо


Хамтарсан ажлын хэсэг хуралдаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцсэний эцэст ажил хаялт “түр” зогсч, өдрийн 14.30 цагаас эхлэн “Автобус-1” компанийн ажилчид үйлчилгээндээ гарч эхэлсэн юм. Ямар шийдэлд хүрснийг Нийтийн тээврийн газрын дарга Ч.Наранцэцэгээс тодруулахад “Ийм нөхцөл байдал үүссэн нь “Автобус-1” компанийн дотоод зохион байгуулалт, удирдлага, ажилчдын үл ойголцлоос үүдэлтэй гэж үзэж байна. Мөн ажилчид “Автобус-1” компанийн захирал Г.Төмөрбаатарыг ажлаас нь огцруулахыг шаардсан. Эдгээр асуудлуудыг шууд шийдвэрлэх боломжгүй. Яагаад гэвэл, “Автобус-1” компани нь орон нутгийн өмчит  аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар учраас эдгээр асуудлыг цогцоор нь үе шаттайгаар шийдвэрлэх ёстой юм” гэх хариулт өгсөн.

Харин Нийслэлийн Засаг даргын Барилга, дэд бүтцийн асуудал  хариуцсан орлогч Н.Гантөмөр ажилчдын шаадлагыг хүлээн авч, зохих арга хэмжээг авах болно гээд, “Автобус-1” компанийн захирал Г.Төмөрбаатарт хариуцлага тооцохоо албан ёсоор мэдэгдсэнээр ажил хаялт зогсов. Ажил хаялт зарласан ажилчид “Бидний асуудлыг маргааш нааштайгаар шийдвэрлэхгүй бол дахиад л ажлаа хаяна” гэсээр цагийн хуваарийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээндээ гарсан.

Эцэст нь та автобусаар гэртээ харих боломжтой боллоо. Гэхдээ өнөөдрийнх шиг байдал маргааш дахин давтагдахгүй гэх итгэл алга.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.