Мэндчилгээ
УИХ-ын гишүүн, Боловсрол Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр
2012.12.29

Мэндчилгээ

Цэцэрлэгийн бяцхан жаалууд, сурагч, оюутан дүү нар, багш, эрдэмтэн судлаачид Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Та бид хамтдаа улирч буй 2012 онд БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛийн гарааны зурхайгаас эрч хүчтэй, хүсэл зорилготой хөдөллөө. Хамтдаа бодож хэлэлцэж, хөтөлбөр, төсөл, зорилго даалгавраа боловсруулан хэлэлцэж, ажлаа бодитой хийж, асуудлаа зоригтой шийдэж эхэллээ. Гэгээрэл хэрэгцээгүй салбар, мэдлэг шаардлагагүй хүн гэж үгүйн учир боловсрол, шинжлэх ухааны салбар улс орны оюун тархи билээ. Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ. Монгол хүн нэг бүрийн заяамал, жам ёсны эрх чөлөөг дээдэлж, хүн нэг бүрийг давтагдашгүй агуу их ертөнц хэмээн хүндэтгэн үзэж, авъяас чадвараа нээн хөгжүүлж, хувь тавилангаа сонгон бүтээхэд нь туслан дэмжигч нь боловсролын салбарынхан, багш судлаачид байх болно. "Олны хүч оломгүй далай. Хүн болох багаасаа". Ирж буй 2013 онд сурагч оюутан, багш ажилтан, эцэг эх, эрдэмтэн судлаачид Та бид хамтдаа сургалтын арга барил, агуулга хөтөлбөр, үнэлгээгээ ч өөрчлөн шинэчилж, олуулаа ном уншиж, олон хүний авъяасыг нээж хөгжүүлж, сэтгэлгээ хандлага, эрдэм номын өргөө бүхнийг, хүүхэд хэмээх ариун бурхдын өсөн торних шилтгээн бүрийг авлигагүй, аюулгүй, архигүй орчин болгохын төлөөх их ажил хүлээж байна. ХҮҮХЭД нэг бүрийн сурах сонирхол, мэдлэгт ахиц дэвшил гарч, ХҮН хэмээх агуу их ертөнц нэг бүрт гэрэл гэгээ тусгая. Аз жаргал, амжилт бүтээлээр арвин байхыг хүсэн ерөөе.


БОЛОВСРОЛ,
ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД
                                                                                                     Л.ГАНТӨМӨР