Ерөнхий сайд Н.Алтанхуяг оны шилдэг хүүхдүүдэд гардууллаа
Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуяг шилдэг хүүхдүүдэд батламж гардуулан баяр хүргэв.
2012.12.27

Ерөнхий сайд Н.Алтанхуяг оны шилдэг хүүхдүүдэд гардууллаа

Өсвөр үеийнхний унаган авьяас, давуу тал, амжилт ололт, шилдэг үлгэр дуурайллыг дэмжин дэлгэрүүлэхээр 1991 оноос эхлэн "Оны шилдэг хүүхэд” шалгаруулж, Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн батламжийг нь гардуулдаг уламжлал тогтсон.

Энэ жил сурлага танин мэдэхүй, урлаг уран бүтээл, спорт, хүүхдийн оролцоо өөрийн удирдлагын байгууллага, техник чөлөөт сэтгэхүй, хүмүүнлэг энэрэнгүй үйлс гэсэн зургаан номинациар найман аймаг болон нийслэлээс 21 хүүхэд шалгарсан байна.

Оны шилдэг хүүхдүүд батламжаа Төрийн ордонд, Есөн хөлт цагаан тугийн өмнө  Ерөнхий сайдаас хүндэтгэлтэйгээр гардан авлаа.

Шилдэг хүүхдүүдэд батламж гардуулан баяр хүргэсний дараа Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуяг “Цог золбоо, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн хүүхэд насандаа авъяас билэг, оюун ухаан, хичээл зүтгэлээрээ үеийнхнээ манлайлсан та бүхнээрээ бахархаж байна. Бидний маргааш болсон өсвөр залуу үеийнхэн маань ямар олон сайхан үйлс бүтээснийг харж, чаддаг зүйлээрээ Монголдоо төдийгүй дэлхийд манлайлж чадсанд нь баярлаж байна. Мөн хүмүүнлэг, энэрэнгүй үйлсээрээ үлгэр жишээ үзүүлсэн гурван ч хүүхэд энэ жил шилдэгт шалгаран орсон нь зөв монгол хүүхдүүд өсөн гарч ирж байгааг харуулж байна. Үүнд маш баяртай байна” гэлээ.

Эдгээр шилдэг хүүхдүүдийн хүсэл бүхэн биелж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ерөөгөөд дурсгалын зураг авахууллаа.

Шилдгээр шалгаран холоос зорьж ирсэн Увс аймгийн Улаангом сумын сурагч Б.Буянхүү шагнал гардсан үе тэнгийн хүүхдүүдээ төлөөлөн “Өсвөр залуу үеийнхэн биднийг байнга дэмжиж, халамжлан анхаарч ирсэн Засгийн газартаа Монголынхоо 1,1 сая хүүхдийг төлөөлөн баярлалаа гэж хэлье” гэсэн бол шилдгүүдийн хамгийн бяцхан нь болох найман настай Ц.Мөнхжин хүү Засгийн газрын тэргүүнд зурсан зургаа дурсгал болгон бэлэглэлээ. Түүний бэлэглэсэн “Өвөөгийн гадаа” хэмээх зураг нь олон улсын үзэсгэлэнгээс шагнал хүртэж байжээ. Мөн бие даасан тоглолтоо нийтэд толилуулж амжсан авъяаслаг охин П.Индра хийл хөгжмийн тоглолтоороо мэндчилгээ дэвшүүлсэн юм.