Боол хүүхдүүд дэлхийн гурав дахь том бизнес
Хүүхдүүдээр боолын хөдөлмөр эрхлүүлж буй нь өнөө үед хөндөх ёстой гол асуудлын нэг болжээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээллээс үзэхэд өнөөдөр дэлхий даяар 250 сая гаруй хүүхэд хууль бус хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд хүүхдүүдийг боол болгон худалдах нь зэвсэг, хар тамхины худалдааны дараа гуравт ордог ашигтай бизнес болжээ. Хууль бус наймаачид энэ худалдаанаас жилд 10 тэрбум ам.долларын ашиг олдог байна.
Хүүхдүүд 70 метрийн гүн, агаар ордоггүй давчуу уурхайд ажилладаг байсан бөгөөд цалин хөлс ч авдаггүй байжээ. Энэ хэрэгт 73 хүнийг баривчилсан байна.
Жил бүр хэдэн мянган хүүхэд “боол эзэмшигчид”-ийн гарт өртөж, биеийн хүчний хүнд хөдөлмөр, биеэ үнэлэх зэрэг хууль бус үйлдлийн золиос болдог аж. НҮБ-ын шинжээчдийн баталснаар дэлхий дээр өдгөө 12 сая гаруй хүн боолын нөхцөлд ажиллаж, амьдарч байна. Орчин үеийн энэ нийгэмд шүү дээ. Ялангуяа хүүхдийн хөдөлмөрийг мөлжих асуудал хурдацтай өсч байгаа аж. Хамгийн сонирхолтой нь бидний бодож байгаа шиг зөвхөн Африк тивд бус, Азид хүүхдийн хөдөлмөрийг мөлжих нь их байгаа аж. Энд 150 сая гаруй хүүхэд хууль бусаар ажил, хөдөлмөр эрхэлж байна. Азийн орнуудад хүүхдүүд тамхины болон хөвөнгийн талбайд ажилладаг.
Саяхан баруун Африкийн Буркина-Фасо улсын цагдаагийн байгууллага Интерполтой хамтран алтны уурхайд хүчээр хөдөлмөрлүүлж байгаа хүүхдүүдийг чөлөөлөх арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ үйл ажиллагааны үеэр уурхайд ажилладаг 400 мянга гаруй хүүхдийг чөлөөлж, хүүхдийн асрамжид өгсөн байна.
Сонирхуулахад, өнгөрсөн жил Гана улсын цагдаагийн газар ийм арга хэмжээний үр дүнд албадлагаар биеэ үнэлдэг 250 гаруй хүүхдийг чөлөөлжээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлснээр дэлхий дахинд 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хүүхдийн хөдөлмөрөөр бүтдэг аж.
Саяхан л гэхэд алдарт “Nestle” шоколадны компани бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ хүүхдийн хөдөлмөр ашигладаг нь илэрсэн билээ.
НҮБ-ын мэдээлснээр хүүхдүүд боол эзэмшигчдийн гарт өртөж буй гол шалтгаан нь ердөө л ядуурал гэнэ. Тухайлбал, Хятадын баруун урд хэсэг ядууралд хамгийн их өртсөн бөгөөд хүүхдийн хөдөлмөрийг хамгийн их мөлждөг газар юм. Эндхийн эцэг эхчүүд өрөө дарах, аж амьдралаа сайжруулахын тулд 7-8 настай хүүхдүүдээ зарах нь энүүхэнд. Тиймээс энд хүүхдийн эндэгдэл маш өндөр аж.
Боол эзэмшигчдийн хувьд хүүхдүүдийг сонирхох нь тун их. Учир нь, хүүхдүүд насанд хүрсэн хүмүүсийг бодвол хийх ёстой ажлаа илүү сайн гүйцэтгэдэг, элдэв зүйл шаарддаггүй, хамгийн гол нь хямд төсөр ажиллах хүч юм байна.
Түүнээс гадна боолчлолыг зөвхөн ядуу улс орнууд бус, дэлхийн томоохон гүрнүүд ч халаагүй аж. Тухайлбал, өнгөрсөн зун ОХУ-ын ГХЯ хүүхдийн боолчлол АНУ-д ч бий гэсэн асуудал дэвшүүлжээ. ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич “Өнөөдөр АНУ-д хүүхдийн худалдаа маш их хөгжсөн. Гэхдээ Төрийн департамент энэ асуудалд чимээгүй л байсаар” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр “Поларис төсөл”-ийн мэдээллийг иш татан, АНУ-д хэдэн зуун мянган хүүхэд жил бүр өөрөө хүсээгүй байж, порно кинонд тоглож, биеэ үнэлдэг гэжээ. Түүнчлэн өнчин, өргөмөл хүүхдүүд насанд хүрмэгцээ амьд бараа худалдаалагчдын гарт ордог байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын шинжээчдийн тэмдэглэснээр хүүхдийн боолчлолтой тэмцэх боломжтой. Ингэхийн тулд улс орнууд хөгжлөөс хоцрогдсон бүсүүдийнхээ нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулж, хүүхдийн хөдөлмөрийг хууль бусаар мөрдөхтэй тэмцэх хэрэгтэй аж.