Н.Алтанхуяг: Төмөр замын царигийг Алтанхуяг, Баттулга, Энхсайхан шийдэхгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй ярилцлаа
2013.01.23

Н.Алтанхуяг: Төмөр замын царигийг Алтанхуяг, Баттулга, Энхсайхан шийдэхгүй

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад 5 сар болжээ. Засгийн газрын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах үүднээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлаа.

Ярилцлагынхаа эхэнд Ерөнхий сайд Засгийн газар гурван зүйлд анхаарч ажиллаж байгааг хэлсэн юм.
Нэгдүгээрт, аливаа шийдвэр гаргахын өмнө иргэд байгууллага, мэргэжилтнүүдийн үгийг сонсож, оролцоог хангах
Хоёрдугаарт, Засгийн газрын үйл ажиллагааг тунгалаг, ил тод, нээлттэй байлгах
Гуравдугаарт, Хийж байгаа ажлаа тайлагнадаг, эргэж мэдээлдэг байх зарчмыг баримталж ажиллахаа илэрхийлэв.
Мөн “Өглөө бүр 08.40-11.00 цагт  улс орны өмнө тулгамдаж байгаа олон асуудалтай танилцдаг. Бид аль болох олон салбарын хүний үгийг сонсож, тэндээсээ нэгдсэн шийдэлд хүрэхийн тулд Засгийн газар ихээхэн цаг зарцуулдаг” гэсэн юм. Ингээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сэтгүүлчидтэй уулзсан уулзалтын үеэр хөндсөн асуулт, хариултыг хүргэе.

-Баяр ёслол дөхөж байгаатай холбоотойгоор өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Үнийн энэхүү өсөлт та бүхний үнийн өсөлтийг барих бодлоготой таарч байна уу?

-Засгийн газар Монголбанктай хамтарч бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хазаарлахаар ажиллаж байгаа. Юмны үнэ өмнө нь хазааргүй морь шиг зоргоороо явж ирсэн. Бид юун түрүүнд иргэдийн хамгийн хэрэгцээтэй, мах, гурил, тээвэр, барилгын материал, нефть шатахууны үнийн өсөлтийг хазаарлах бодлого хэрэгжүүлж байгаа. Хазаарлаж ч чадаж байгаа гэж үзэж байгаа. Жил жилийн цагаан сарын өмнөх болон хаврын улиралд үнийн өсөлт нэмэгддэг. Харин бидний ажлын үр дүнд үнийн өсөлт харьцангуй бага байгаа. Хуучин 100, 200 төгрөгөөр нэмэгддэг байсан бол одоо 5, 10 төгрөгөөр нэмэгдсэн явдал бий.
Цагаан сарын өмнө махны эрэлт ихэсдэг. Энэ үед нь нөөцийн махнаас гаргаж худалдаалахаар болсон. Ингэснээр махны үнийн өсөлт тодорхой хэмжээгээр буурах байх.

-Засгийн газрын хуралдаанд Ерөнхийлөгч оролцож агаарын бохирдлыг бууруулах үүрэг өгсөн. Энэ талаар хэрхэн ажиллахаар төлөвлөсөн бэ?

-Өнгөрсөн бямба гаригт Ерөнхийлөгч Засгийн газрын хуралд оролцсон. Хурлын үеэр олон асуудал хөндсөн ч нэг л асуудлыг тойрч ярьсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд агаарын бохирдлын эсрэг юу хийсэн тухай л хөндсөн. Өнгөрсөн хоёр жилд явуулсан арга хэмжээний дүнд утаа бага зэрэг багассан. Гэхдээ хүссэн хэмжээнд хүрээгүй. Улаанбаатар хотын гэр хороололд байдаг 180 мянган өрхийн 100 мянган зуухыг сольсон. Үлдсэнийг нь энэ онд солино. Дараа нь бүрэн шатаадаг зуухандаа утаагүй түлш түлчих юм бол Улаанбаатарын утаа 70-80 хувиар буурах боломжтой. Энэ зорилтыг шинэчлэлийн Засгийн газар ойрын хоёр гурван жилд хийнэ. Утаатай барилгажилт, гэр хорооллыг дахин төлөвлөх зэрэг олон талбараар тэмцэнэ.

-“Эрдэнэс Тавантолгой”-н санхүүгийн байдал ямар байгаа вэ. “Чайлко”-той байгуулсан гэрээг сайжруулах боломж бий юү?

-Тавантолгой гэдэг компани өрөндөө баригдсан байгаа. Тавантолгой өнөөдөр Монгол Улсын арилжааны банкуудад 110 тэрбум төгрөгийн өртэй. Сар бүр хүү төлж  байгаа. Мөн “Чайлко”-гоос 350 сая ам.доллар зээлсэн. Одоо 190 орчим тэрбум төгрөг төлөх дутуу. Ингээд бодвол 300 орчим тэрбум төгрөгийн өртэй. Өртэй хүн өөдөлдөггүйн үлгэрээр энэ компани өөдлөхгүй байна. Зээлсэн мөнгөний хүү нь манай бондын хүүнээс өндөр. Тиймээс бид өрийг нь бондоороо даруйхан төлөх талаар ярьсан. Өрийг нь дарсан ч энэ компани ашигтай ажиллахад хэцүү. “Чайлко”-той тун муу гэрээ байгуулсан. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 100 байхад 70-аар нийлүүлэх, 70 байхад 50-иар өгөх гэрээ хийсэн. Гэрээнээсээ салахын тулд тэр компанид 50 сая ам.доллар төлөх гэрээтэй. Гэхдээ улс л юм чинь эндээс ямар нэгэн байдлаар гарах хэрэгтэй. Бид ашиггүйгээр нүүрсээ гаргамааргүй байгаа юм.

-Дархан-Газрын тосны үйлдвэрийн явц ямар байгаа вэ. ОХУ-аас нефть оруулж ирээд Дарханд боловсруулах нь үнэн үү?

-Нефть боловсруулах үйлдвэр барихаар 10 гаруй компани танилцуулга хийсэн. Ингээд Засгийн газрын зүгээс Дархан-Газрын тос нефть боловсруулах үйлдвэрийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Өмнө нь ч энэ асуудлыг ярьж байсан. Шийдэлгүй өдий хүрч. Дарханд жилд 2 сая тонн түүхий нефть боловсруулах газрын тосны үйлдвэрийг 2015 он гэхэд ашиглалтад оруулахаар ажиллахаар болсон. Үүний тулд хоёрдугаар сардаа багтааж Японтой хэлэлцээр хийхээр ярьсан. Япончууд энэ үйлдвэрийг бондоос ч хямдхан зээлээр санхүүжүүлье гэж байгаа юм. Газрын тосны үйлдвэрт төр хэдэн хувьтай оролцохыг тодруулахаар Д.Ганхуяг сайдад үүрэг өгсөн. Ер нь хоёрдугаар сард багтаан энэ асуудал тодорхой болно.
Оросоос бензин авдаг байсан бол нэмээд нефть аваад боловсруулна гэж ярьж байгаа. Монгол Улс энэ онд 700 гаруй мянган тонн түүхий тос олборлохоор байгаа. Ирэх жилээс сая гаруй тонн тос олборлоно. Тэгэхээр түүхий эдийнхээ нөөцийг гадна болон дотоодоосоо хангах юм. Монголчууд цаашдаа бензин түлшний гачаалаас гарах ёстой гэж үзээд ажиллаж байна.

-Монгол-Оросын Засгийн газрын хамтарсан хурлын үеэр Оросын тал 100 шатахуун түгээх станц барих саналаа дахин тавьсан. Үүнд Монголын тал ямар хариу өгөх вэ?

-ОХУ-ын зүгээс зүримдаа шатахуун түгээх станц баръя гэдэг санал тавьдаг. Үргэлж биш. Монгол Улсын газар нутагт жижиглэнгийн худалдааг гадаадын компаниуд эрхлэх боломжгүй, харин бөөний худалдаа эрхэлж болно гэсэн ганц л хариултыг бид өгдөг.

-Засгийн газрын зарим гишүүн хууль зөрчсөн шийдвэр гаргаж байна. Үүнд Засгийн гарын тэргүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ам дамжин яригдаж байгаа зүйлээр Засгийн газар ажил хийхгүй. Тэгэхээр хэн гэдэг сайд яг ямар хууль зөрчиж байгааг оруулж ирээд, нотлогдвол хариуцлага тооцолгүй яахав.

-Гуравдугаар сараас нийтийн тээврийн тасалбарын үнийг 600 төгрөг болгох шаардлага тавиад байгаа. Энэ асуудал яаж шийдэгдэх бол?

-Баруун, зүүн талдаа жолоотой машины хувьд нийслэл дээр ярих ёстой. Засгийн газар дээр нийтийн тээврийн үнийг ярьдаггүй. Нийслэл өөрөө шийдэж чадна.

-Төмөр замтай холбоотой царигийн асуудал үүссэн. Та М.Энхсайхан даргын төмөр замын талаар баримталж байгаа бодлогыг дэмжиж байгаа юу?

-Төмөр замын царигийг Алтанхуяг, Баттулга, Энхсайхан шийдэхгүй. Төмөр замын цариг гэдэг бол төрөөс баримтлах бодлого юм. УИХ-аас тогтоож өгсөн өргөн царигийн тухай ойлголт. Хэрэв экспортод шууд гарахаар байгаа бол Засгийн газар, УИХ руу ямар царигаар барихаа оруулж шийдүүлэхээр заасан. Зарим хүний хувьд нарийн царигтай байвал эдийн засгийн үр ашигтай юм биш үү гэдэг санал гарахыг үгүйсгэхгүй. Урагшаа явах төмөр замын зураг төсөл өргөнөөр хийгдсэн. Гэхдээ энэ бол эдийн засаг болон бусад үндэслэлээс хамаардаг том асуудал. Монгол Улсын төрийн бодлогоор батлагдсан зүйл.

-Та шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ. Учир нь Засгийн газрын хэрэг эрхлэх газраас сайтуудын сэтгэгдлийг хянах гэж оролдож байгаа болохоор үүнийг асууж байна?

-Шүүмжлэлийг хүлээж авдаг. Шинэчлэлийн Засгийн газар өөрсдийгөө сайчлах, гоё болгож харагдуулах ямар ч шаардлага байхгүй. Сардаа ганц шүүмжлүүлэх нь хугацааны хувьд дэндүү хол байгаа учир “11 11” төвөөр дамжуулж өдөр болгон шүүмжлээд өгөөч гэж байгаа. Энэ шүүмжлэлийг Ерөнхий сайд өглөө болгон сонсдог. Шүүмжлэлийг сонсдог учраас бид ард түмэнд нийцсэн ажил хийж байгаа. “11 11”-д 26 мянган иргэн хандсаны 80 хувь нь шүүмжлэл. Ирсэн санал хүсэлтээр бид нүүрсний үнийг бууруулсан. ХЗХ-ныхныг хүлээн авч уулзаад ажлын хэсэг байгуулсан. Тэд долоон жил гутлаа урагдтал өөрсдөө ажлын хэсэгт багтаад ажиллаж байгаа болохоор ажил урагштай явж байна. Тиймээс бид шүүмжлэлээс айдаггүй. Илүү сайн шүүмжлээрэй. Иргэд, дарга нар нь тусдаа юм ярьдаг биш, хамтраад асуудлыг шийддэг болж байна.

Сайтуудын хувьд та бүхэн өөрсдөө бодож тунгаа. Өнөөдөр Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газарт ажиллаж байгаа сайдууд унаган багаасаа ардчиллын үзэл баримтлалаар өдийг хүрсэн. Гагцхүү бид хариуцлагатай баймаар байна. Сайтад гарсан материал дээр “би Алтанхуяг байна” гээд шүүмжил л дээ. Юундаа нэрээ нууцлаад байгаа юм. Нэргүйгээр хүнийг гутаан доромжилдог байдлаа болих хэрэгтэй. Үүнийг л зохицуулъя гэсэн юм. Гэхдээ хаах гээгүй, хянахгүй. Сонгуулийн үеэр намууд 10 хүнийг хөлслөөд элдэв гүтгэлэг доромжлол, тархи угаасан сэтгэгдэл бичүүлдэг. Үүнийг хааж чадахгүй болохоор нөгөө нам нь 20 хүн хөлслөөд сэтгэгдэл бичүүлдэг. Ийм дайныг зогсоож чадахгүй болохоор ил болгох гэсэн юм. Бид Америкийг жишээ болгон авч үзсэн. Ямар ч сэтгэгдэл бичиж болно. Гэхдээ нэр устай болох юм. Иргэний эрх зөрчигдөхөд хэн бичсэн нь тодорхой байх хэрэгтэй.