Дэлхий дээрх хамгийн үнэтэй махыг монголчууд хэрэглэдэг
50 гаруй сая малтай хөдөө аж ахуйн орон атал килограмм махны үнэ 10 мянгад хүрэх нь жирийн үзэгдэл болоод байна.
2012.11.26

Дэлхий дээрх хамгийн үнэтэй махыг монголчууд хэрэглэдэг

Манай улс 2.8 сая хүн амтай, 50 гаруй сая малтай хөдөө аж ахуйн орон. Энэ тооноос үзэхэд хүн амынхаа тооноос бараг 20 дахин олон малтай болох нь харагдаж байгаа биз. Хөдөө аж ахуйн орон гэгддэг манай улсын иргэд ийм өндөр үнээр мах худалдан авч иддэг гэхээр гадныхан гайхдаг юм билээ. Зарим нь малаа мах болгож иргэддээ хүргэж чаддаггүй, хүнээсээ илүү малдаа хайртай “үхэр” монголчууд гэж ярих нь бий. Энэ шүүмжийг бид хатуу болохоос үнэн үг хэмээн хүлээн авдаг ч өөрчлөх гэж нэг ч удаа оролдож байсангүй.

Ер нь дэлхийн зах зээл дээр хамгийн өндөр үнээр махаа худалддаг улсын тоонд Монгол дээгүүрт жагсдаг хэмээн хэд хэдэн эдийн засагчийн амнаас сонсч байсан. Уг нь мал олонтой, үндсэн хүнс нь мах гэдэг утгаараа хамгийн хямд мах Монголд л баймаар санагдах. Гэтэл шал эсрэгээрээ байдаг нь гайхалтай. Махны үнийг хэдэн мянгаар нэмж, ганц хоёр зуун төгрөгөөр бууруулдаг.

Махны үнэд дарлуулж, үмх биш чимх махаар хоол хийж иддэг хөөрхий иргэд нь ганц хоёр зуун төгрөгөөр хямдрахаар мах хямдарчихаж хэмээн ойр орчмынхондоо зар түгээж, халаасаа тэмтэрч байдгаа махаар солино. Гэтэл “Баярласан хэрээ бахирна” гэгчийн үлгэрийг иргэддээ үзүүлнэ дээ. Учир нь нэг л өглөө махны үнийг хэдэн мянгаар нэмж ачааг нь хөнгөлөх биш, харин ч хүндрүүлдэг юм.

Гадныхны хэлдгээр малаа хайрлаад иргэдээ өлсгөж алах гээд байна уу гэхээр бас худлаа. Учир нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас гаргасан судалгаагаар манай улс 51 сая малтай бөгөөд үүний 40.7 сая мал нь энэ өвөл өвөлжинө. Үлдсэн 10.3 сая толгой мал монголчуудын хүнсний хэрэглээнд зарцуулагдах тооцоо гарчээ. Энэ тооноос улбаалан нэг хүнд ногдох махны хэмжээг тооцоолж үзвэл нөөцийн мах энэ тэр гэлтгүй хэрэглээгээ бүрэн хангачихаж болмоор байгаа юм. Яагаад гэхээр манай улсад өнөөдрийг хүртэл албан ёсоор мах экспортлох зөвшөөрөл нэг ч олгогдоогүй.

Тэгэхээр дээрх 10.3 сая малын мах зөвхөн дотоодын хэрэглээнд зарцуулах учиртай.

Өмнөх жилүүдэд ч өдий хэмжээний мах иргэдийн хүнсний хэрэглээнд төлөвлөж байсан. Ийм их хэмжээний мах иргэдийн хүнсний хэрэглээнд төлөвлөдөг атлаа үнэ нь яагаад буурахгүй байгаа нь гайхалтай. Үнэндээ бол махны үнэ улирлын чанартай хувцас шиг л хэлбэлздэг. Хүйтэн сэрүүний улиралд махны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурдаг. Хавар, зун мал тэвээрэг муутай учраас малчид малаа нядалж, махлах тийм ч дуртай биш байдгаас нийлүүлэлт хомсдож, үнэ өсдөг.

Өчигдрийн байдлаар нийслэлийн зарим худалдааны төв, захад худалдаалж байгаа махны үнийг сонирхвол, өмнөх жилүүдийнхээс хямдарсан байгаа нь сайшаалтай санагдаж байвч, дэлхийн зах зээл дэх хамгийн үнэтэй махны жагсаалтаа тэргүүлсээр л байна. Магнаг болсон махны үнийг өсгөсөн гол шалтгаан нь хулгайн экспортлогчид.

Урд хөрштэй хил залгаа аймгуудын малчид махаа нийслэл рүү оруулж ирэхээсээ илүү, хил дамнуулан худалдаалах сонирхолтой байдаг сурагтай. Учир нь тээврийн зардал хэмнэлттэй, олох ашиг нь илүү байдагтай холбоотой байдаг гэнэ. БНХАУ руу их хэмжээгээр цөөхөн удаа гардаг байсан бол одоо дотоодын худалдаачид өөр хоорондоо өгөлцөж авалцаж байгаа мэт жижиглэнгээр хүртэл гаргадаг болсон талаар ярих нэгэн ч байна. Олны үг ортой гэдэг байх аа. Уг нь махны экспортын зөвшөөрөл нэг ч олгогдоогүй юм чинь килограмм мах ч хилийн дээс давах учиргүй шүү дээ.

Гэтэл хил, гаалийн ажилтнууд үүнийг илрүүлж чаддаггүй юм уу, илрүүлсэн ч тав арван төгрөгийн хахууль аваад “Нүдэн балайн чихэн дүлий” мэт өнгөрөөдөг хэрэг үү. Ямартай ч ийм явдал гарсаар байгааг сонордуулъя. Гаалийн хяналт муугаас бидний идэх махыг хэсэг бүлэг хүн таван арван төгрөгийн ахиуг харж харийнханд худалдаж, үлдсэн олонхи нь махны үнэд дарлуулж, үнэрт цадаж суугаа юм биш биз.

Хямдарчихлаа гэж иргэдийг баярлуулж байгаа ч, гадныхны нүдийг бүлтийлгэсэн махны үнэ өчигдрийн байдлаар “Баянзүрх”, “Бөмбөгөр” худалдааны төвд доорх ханштай байлаа.

Махны төрөл

“Баянзүрх”

“Бөмбөгөр”

Үхрийн гуяны цул

8600

8800

Үхрийн цул

7000

7500

Үхрийн ястай

6300

6800

Хонины цул

5500-6000

6000

Хонины ястай

5200

5400

Адууны цул

5300

5500

Адууны ястай

4500

4800-5000

Ямааны цул

5000

5200

Ямааны ястай

4300

4400