Нефть боловсруулах үйлдвэрийг Чойрт барих нь хамгийн ашигтай
“Монгол Улсын нефтийн хараат байдал, түүнээс гарах арга замууд” сэдэвт хэлэлцүүлэг Кенпински хаан палас зочид буудалд боллоо. Хэлэлцүүлгийн үеэр Доктор, профессор Ц.Багмидтай цөөн хором ярилцлаа. Тэрээр, энэ хэлэлцүүлэгт “Нефть боловсруулах үйлдвэр: давуу ба сул талууд” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм.
-Монголд нефть боловсруулах үйлдвэр барьж, байгуулах хэрэгцээ шаардлага тулгараад байгаа. Тэгвэл боломж нөхцөл нь хэр бүрдсэн бэ?
-Нэг үеэ бодвол боломж бүрдчихээд байгаа. Нэгдүгээрт, түүхий эдтэй болсон, хоёрдугаарт, хэрэглээ маш их өссөн. Тэр тусмаа уул уурхайн хэрэглээ маш их өссөн. Гуравдугаарт, уул уурхайгаас ордог орлого сайжирч, санхүүгийн боломжтой болсон. Дөрөвдүгээрт, эдийн засгийн аюулгүй талаасаа ямар нэгэн хамаарлаас гарах ёстой. Энэ талаасаа авч үзвэл газрын тос боловрсуулах үйлдвэрийг барих хэрэгтэй, цаг нь ч болчихсон. Газрын тос боловсруулах үйлдвэр барьснаар өөрсдийнхөө олборлож байгаа түүхий тосоо нэмүүн өртөгтэй борлуулна.
Тухайлбал, 1 тонн түүхий тосыг 100 ам.доллараар зардаг байлаа гэхэд бүтээгдэхүүнийг 150 ам.доллараар зарж, 1.5 дахин өсгөнө гэсэн үг. Нөгөөтэйгүүр хамаарлаас гарч, эдийн засгаа хамгаалж чадна. Ингээд хамаарлаас гараад ирвэл үнийн хөөрөгдөл, инфляц зохих түвшиндээ очно.
-Төр засаг энэ давуу талаа ашиглаж чадахгүй байна уу гэсэн бодол байдаг. Тэгсэн хэрнээ энд тэндгүй шав тавиад л байгаа шү дээ?
-Төр давуу талаа ашиглаж чадахгүй байгаа нь хууль эрх зүйн саад болоод байна уу гэсэн бодолтой явдаг юм. Тус тусын компаниуд 10 үйлдвэр байгуулна гээд зүтгээд байна.
Манай нөхцөлд 10 үйлдвэр байгуулах шаардлагагүй л дээ. Тиймээс төр үүнд оролцож, сонирхлыг нь нэгтгээд, дэмжлэг үзүүлж, санхүүгийн боломжийг нь дайчлаад эхэлбэл Монгол Улсын эрх ашигт нийцнэ. Тэгэхгүйгээр нэг нь энд тэнд очоод шав тавиад байх хэрэггүй.
Мөн манай бизнес эрхлэгчид өөрсдөө л хийх гэж зүтгээд нийтийн эрх ашиг гэдгийг мартчихаад байна. Энэ нь л саад болоод байна. Тэгэхээр жижиг төслүүдийг хэдэн жилийн өмнө хийчих бололцоо байсан, хийгээгүй. Энэ нь компани өөрийнхөө эрх ашгийн төлөө зүтгээд нийтээр хамтрах сэтгэл тэдэнд алга байна.
-Боловсруулах үйлдвэр барилаа гэхэд түүхий эдээ хаанаас авах вэ. Үйлдвэр барьсан ч түүхий эдээ ОХУ-аас зөөвөл хараат байдалд байсаар л байх болно гэсэн шүүмжлэл байгаа шүү дээ?
-Тамсагт ашиглаж байгаа нөөц 1.5 сая хүрнэ гэж байгаа. тэгсэн тохиолдолд нөөцийг дотоодоосоо хангаж болно. Энэ бол давуу тал. Тамсагаас яаж төвийн бүсэд авчрах вэ гэдэг асуудал тулгарна.
Тэгвэл нөөц нь нэг саяаас их байвал дамжуулах хоолой барих хэрэгтэй. Энэ бол хамгийн ашигтай нөхцөл. Ингэвэл түүхий тосны тээврийн зардлыг хэмнэж болох юм. Том хүчин чадалтай үйлдвэр барьсан хойно Тамсагийн нөөц багасвал импортоор түүхий тос авах нь гарцаагүй. 100 хувь импортоор тос авснаас арай л дээр шүү дээ.
Импортын хамаарлыг багасгаж 40 хувийг нь импортлоод байж болно. Дээрээс нь 90 хоногийн нөөцийг бий болгож, үнийн хөөрөгдлийг эрсдэлгүй давах боломж бүрдэнэ шүү дээ.
-Ямарваа нэгэн үйлдвэр барихад байгаль орчин үзүүлэх хор нөлөө гардаг. Тэгвэл боловсруулах үйлдвэр барихад байгаль орчинд үзүүлэх хор нөлөө нь хэр их байх вэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн байгаль орчинд хамгийн муугаар нөлөөлөх зүйл нь цэвэр ус байгаа юм. Боловсруулах үйлдвэр ус их хэрэглэдэг. Нэг шоо.метр тос боловрсуулах нэг шоо.метр ус хэрэгтэй. Ус хэрэглэх хэрэглэхдээ цэвэр ус хэрэглэдэг юм.
Шорвог ус болохгүй. Ус ховортой монголын нөхцөлд ус их хэрэглэдэг ийм үйлдвэр барих нь усны хомдолтой бүсэд хэцүү байгаа юм. Ус элбэгтэй голын эрэгт барилаа гэхэд нэг шоо.метр уснаас наанадаж 60-70 хувь нь хаягдана. Тиймээс үүнийг маш сайн цэвэршүүлэх хэрэгтэй. Газрын тос боловсруулах үйлдвэрээс гарсан усыг 90-98 хувийг нь цэвэрлэж байж байгальд хаях ёстой.
Тэгэхээр ус цэвэрлэх төхөөрөмж нь үндсэн байгууламжийнхаа өртөгтэй ойролцоо дөхөж очно, хөрөнгө оруулалт нэлээд шаардлагатай. Мөн хөрсөнд нөлөөлөх бохирдлыг бууруулж болно. Боловсруулах үйлдвэрээс агаарын бохирдол гардаг. Үүнийг орчин цагийн тенхологиор зохицуулж болно. Тэгэхээр байгаль орчин сүйдтээ муу сөрөг нөлөө байхгүй. Гэхдээ байгаль орчны нөлөөллийн ачаалал нэмэгдэнэ, үүнийг зохих хэмжээнд нь бариад байж болно.
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг хаана барих нь зөв юм бэ. Тамсагийн ордыг түшиглэж Дорнотод баривал бүтээгдэхүүний үнэ баруун хязгаарт өндөр байна. Тиймээс Дарханд барих нь зөв гэж ярьж байсан. Гэтэл Дарханд барихаад түүхий эд тээвэрлэх зардал өндөр болж, бүтээгдэхүүний үнэ ялгаагүй өндөр байна гэсэн маргаан дагуулж байгаа л даа?
-Би хэрэглээний нягтралыг тооцож, түүхий эдээ хаанаас хангах вэ гэдгийг сайтар бодолцох ёстой гэж бодож байгаа юм. Ингээд тооцвол төвийн бүсэд Чойр орчимд баривал зохимжтой. Яагаад гэвэл Тамсагаас Чойр руу түүхий эдээ зөөхөд ойр, хоолой татсан ч хялбархан байна. Мөн Казгастаны тосыг Хятадын хоолойгоор дамжуулаад Хөх хотоос Чойр руу татахад ойрхон. Нөгөө талаас Ангарскаас татаж болох юм.
Нөгөө талаас хэрэглээ маань Оюутолгой, Тавантолгой, Цагаан суврагын зэс, Сүхбаатар аймгийн металын орд гээд говь талдаа хэрэглээ нь өндөр байгаа юм. Хэрэглээ ойрхон байвал зардал хямдарна.