Я.Санжмятав: Миний нэгэн том мөрөөдөл биеллээ
Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятавтай яриа өрнүүллээ. Залуучуудын байгууллагад залуугаасаа зүтгэсэн түүний бусад аймгийн Засаг дарга нараас ялгарч харагддаг нэг онцлог бол олон хүний сэтгэл зүтгэлийг нэг зүгт чиглүүлсэн ажлыг байнга өрнүүлж явдаг нэгэн билээ. Аль л ерэн оны эхээр анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг "Тансаг ёолк" гэж хэлүүлж олныг шуугиулсан шинэ жилийн ёслолын арга хэмжээг Я.Санжмятав зохион байгуулж байв. Мөн төв талбай дээр анх удаа 100 мянган хүн цуглуулсан шоу тоглолт хийж тэнд нь "Буян"-гийн Жаргалсайхан хөгжмөө авчирчихсан шүдээрээ утсыг нь янзлаад зогсож байсан нь санаанд тод байна. Энэ мэт олон арга хэмжээ, нийтийг хамарсан хүмүүнлэгийн ажлуудыг Монголын нийгэмд зохион байгуулж явсан нэгэн. Тэр 2004 онд УИХ-д орж ирсэн. Орж ирэхдээ бие дааж шүү. Одоо харин тэрбээр төрөлх нутаг Завхан аймгаа удирдаж явна. Энэ удаад тэрбээр нийслэлд зүгээр ирсэнгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ авсан Завхан нутгийн 999 хүүхдийн морин хуурын чуулгыг авчирч их ойн баярын арга хэмжээний нээлтэнд оролцох эрх авчээ. 999 хүүхдээ "Тусгай салаа" киноны зураг авалт хийсэн цэргийн анги дээр байрлуулчихсан тэдэнд ээж аавыг нь орлож, эмч домчийг нь хүртэл хийгээд манаргаж явна. Бидний хөөрөлдөөн ийм байлаа.
-Завхан аймаг энэ жил яасан эрт наадмаа хийв. Энэ зуны хамгийн анхны наадам болсон байх шүү?
-Тэглээ, энэ жилийн наадмыг эхлүүллээ. Манай аймаг төрийн тахилгат Очирваань уулаа дөрвөн жилд нэг удаа тахидаг юм. Энэ нь бүүр эртний уламжлал. Энэ жилийн тахилга зургадугаар сарын 8,9-ний өдрүүдэд болсон. Улаанбаатар хотод 10 гаруй гандан хийдүүд байна. Тэд нарын хамба лам, гол тэргүүнүүд нь Завханых. Тэдэнтэй өнгөрсөн гуравдугаар сард уулзаж өдөр судраа асууж ярилцсан юм.
Тэгэхэд нар буцахаас өмнө, тэр дундаа энэ өдөр хийх нь зүйтэй юмаа гэсэн шийдвэр гаргасан юм. Ингэж тахихдаа мал муулахгүй, архи уухгүй, хог хаяхгүй, цагаан хоолтой, ёс жудагтай замбараатай хийе гэж шийдвэрлэсэн. Ер нь тахилгын үеэр нутаг орноосоо хол, өөр аймаг орон, хот сууринд байгаа улсууд их зорьж очдог.
Я.Санжмятав: 999 морин хуурч хүүхдийг улсынхаа төв талбайд тоглуулж, төрийнхөө наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар оролцуулж байгаа нь миний нэгэн том мөрөөдөл биелсэн сайхан үйлс боллоо
Энэ үедээ нутгийнхаа наадмыг үзэх юмсан гэж бодож явдгаа олон хүн надад ярьж байсан л даа. Тийм учраас наадмаа урагшлуулъя гэж, хоёрт Завханы өдрүүдийг долдугаар сарын 5-9-ний хооронд нийслэлд хийх болсонтой холбоотойгоор өвөл нь өнтэй, намар нь налгар, зун нь бороо хуртай тэгш сайхан байгаа энэ үед хийе гэж шийдээд зургаадугаар сарын 12,13-ны өдрүүдэд аймгийнхаа наадмыг хийлээ.
Олон зочин гийчинтэй байсан учраас бид ч бэлтгэлээ сайн хангасан. Тахилгад очоод ирсэн зочид маань ч аймгийнхаа наадмыг үзээд ах дүү, төрөл садантайгаа уулзаж сэтгэлийн тайтгарал, энерги, эрч хүч аваад буцацгаасан. Ингэж аймгийн наадмаа урагшлуулж хйисэн учиртай юм.
-Одоо та хотод бөөн ажил өрнүүлээд явж байна. 999 морин хуурч хүүхэд авчирна гэдэг их содон сонсогдож байна?
-Манай Завханы өдрүүд 14 жилийн дараа нийслэлд болж байна. Нэлээн урт хугацаанд хийгдээгүй байсан учраас бэлтгэлийн хувьд ч, зохион байгуулалтын хувьд ч анхааръя гэж бид үндсэндээ жил гарны өмнөөс бэлдсэн.
Морин хуурчдын хувьд Завхан аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр дотор хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих "Гурван тулгуурт бодлого" гэж хэрэгжүүлж байгаа юм. Түүний нэг нь энэ морин хуур юм.
Морин хуур дуугарсан айлын жавар үргэдэг, тэнд байгаа хүмүүсийн сэтгэлгээ нь их өндөр байдаг. Үндэсний зан заншил, соёлоо үр хүүхдэдээ өвлүүлэх зорилго эртнээс миний толгойд байсан бодол. Үүнийгээ нэг юм болгочихъё доо гэж зорьсон зорилго нь энэ жилийн түүхэн тэгш ойгоор нийслэлд тайлан тоглолтыг нь хийчихье гэсэн ажил. Энэ нь тэгээд Завхан аймгийн соёл урлагийн өдрүүдтэй давхцаж байгаагаараа ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа юм.
Бид Улаанбаатарынхнаасаа, төр засгаасаа аймаг, орон нутаг, хөгжлийн төлөө, дээрээс нь зуд турхан, ган гачиг гээд байнга хөрөнгө хүч, мөнгө авч байдаг. Тэгвэл эдэндээ бид нар сэтгэлийн өглөг өгөх ёстой ард түмэн. Тийм учраас энэхүү 999 морин хуурч хүүхдийнхээ тоглолтыг үзүүлэх болсондоо баяртай байна. Энэ нь гэхдээ амар байгаагүй л дээ. Гэвч нутгийнхан 999 морин хуурч хүүхдийг улсынхаа төв талбайд тоглуулж, төрийнхөө наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар оролцуулж байгаа нь миний нэгэн том мөрөөдөл биелсэн сайхан үйлс боллоо.
Завханы хүүхдүүдийг компьютержүүлэх, англи хэлтэй болгох том зорилго тавьж зүтгэснийг хэлэх байна. 6300 хүүхдийг компьютержүүлж, сургалтад хамруулсан.
-Хамгийн бага нь хэдэн настай хүүхэд Завханаас ирэв?
-Хамгийн бага нь 10 настай хүүхэд ирсэн.
-Энэ олон хүүхдүүдийг бэлтгэх үйл явц ямар байв?
-Морин хуурын хувьд эхлээд багш нараа бэлдсэн. Эхний удаа 72 багшийг хоёр сарын хугацаатай сургалтанд хамруулсан. Үүний дараа багш нар маань хөтөч буюу морин хуур тоглодог хүүхдүүдээ сургалтанд бэлтгэсэн.
Энэ хүмүүсээрээ дамжуулаад аймгийн Засаг даргын дэргэд морин хуурын чуулга, сумдын Засаг даргын дэргэд морин хуурын хамтлаг зохион байгуулсан. Төрийн дэмжлэггүйгээр ажил бас явахгүй. Тиймээс сумдын Засаг даргатай нь холбож өгсөн асуудал суманд нэлээн үр дүнтэй болсон байх. Ухуулга сурталчилгааны асуудал бас нэлээн чухал байлаа.
Төрийн наадамд оролцоно гэдэг монгол хүний эрхэм үүрэг байдаг учраас Завханы айл өрх бүр ах дүүс, бүлээрээ төрийнхөө хэрэгт, энэ том түүхэн ойд оролцъё хэмээн зорилго тавин эрчимтэй зохион байгуулсан. Тэгээд 200 мянгын морин хуурын тавин хувийг нь төр, аймгийн засаг даргын нөөц хөрөнгө, хандив тусламжаас гаргаад үлдсэн тавин хувийг нь эцэг эхчүүдээс нь гаргуулсан.
Яагаад вэ гэхээр хүүхдүүддээ 30-100 мянгын хятад тоглоомыг аваад гурав хоноод л эвдлээд хаячихдаг шүү дээ. Тэгвэл монголоо гэсэн омогшилтой энэ морин хуурыг айлуудад түгээхийн тулд тавин хувийн хөнгөлөлт үзүүлэхэд эцэг эхчүүд их дуртай авсан. Морин хуурын хувцас өөрөө их тусгай дэг жаягтай байдаг. Энэ хувцасны санааг Бавуугийн Лхагвасүрэн гуай гаргаж өгсөн.
Бид өөрсдөө 150 гаруй сая төгрөгийн хувцсыг "Хээтэн" ХХК-аар хийлгэсэн. Морин хуур гэхэд мянган морин хуур 200 мянгаар бодоход 200 сая төгрөг л дөө. Мөнгө бол яахав олдоно. Хамгийн гол нь Завханчууд үндэсний соёлоо сурах, сурталчлах асуудалд оруулж байгаа томоохон хувь нэмэр гэж бодож байгаа юм.
Дээрээс нь манай эцэг эхчүүд их дэмжлэг үзүүлж, цаг завыг нь гаргаж өгөн зохион байгуулсанд нь бид их талархаж байна. Бидний хамтын бүтээл. Ганц хүн бол санаачилж болно. Хамгийн гол нь түүнийг түүчээлэн аваад, хэрэгжүүлээд, ийм үр өгөөжтэй болгоно гэдэг бас их чухал. Наашаа ирнэ гэдэг үнэхээрийн том асуудал байлаа. Манай аймаг нийслэлээс 1000 гаруй километр, зарим сумд 1200, 1300 гаран километрийн цаанаас ирж байна.
Гэхдээ цагдаагийн хүч, төрийн байгууллага, нутгийн жолооч нарын дэмжлэг, хүч туслалцаа, багш нарын зохион байгуулалтын дүнд зургаан хэсэг, 145 машинтай цуваа түрүүч нь 35 цаг, дараагийнх нь дөчөөд цаг явж ирсэн нь хүнд хэцүү ажил ч, хариуцлага, дэг журам, энэ олон хүүхдийн буян заяагаар зорьсон газраа ирлээ. Зорилгоо бид маш сайн биелүүлэх ёстой.
Энд олон олон тоглолт арга хэмжээнүүд хийгдэнэ. Үүний дараа нутагтаа төрийнхөө наадамдаа оролцоно. Улаанбаатарчууддаа хийж хэрэгжүүлсэн ажлаа сурталчлах хэрэгт оролцож байгаа хүүхдүүддээ талархаж байна. Очоод сайхан амрах юмсан л гэж бодогдож байгаа. Явсан улсууд бүрэн бүтэн очоод амарч байвал сайхан байна даа.
-Та Завхан нутагтаа очоод гурван жил болжээ. Ер нь аймгийн хэмжээнд төлөвлөсөн ажлынхаа ард хэр гарч байна даа?
-2008 оны УИХ-ын сонгуульд би оролцоод... тэр чинь морь шиг таван медаль байдаггүй ш дээ, гурван медальтай, тэрний тусгай байранд, дөрөвт нилээн ойрхон зөрүүтэй барианд орсон. Тэгээд яахав бас ард түмэн маань надад нилээн их санал өгсөн. Нам маань өөр намуудтай нэгдээд суудал олдохгүй байхад энэ нөхрийг заавал гаргана гээд 2004 онд намайг Завханы ард түмэн бие дааж гаргаж байсан. Дараа нь намаасаа дэвшээд дөрөвт орно гэдэг чинь заавал УИХ-д суух биш юм. Ард түмний маань нилээд хэсэг нь миний төлөө саналаа өгчихсөн дотроо харуусч л суугаа.
Надад санал өгөөгүй хүмүүс намайг бүтэн таниагүй байж болно, илүү танья, дөрвөн жилд юу хийхийг нь харъя гэсэн бодлого ч байхыг үгүйсгэхгүй. Ингээд 9, 10 сар гараад орон нутгийн сонгууль эхлээд манай Ардчилсан намынхан сурталчилгаагаа явуулсан. Тэр үед "Санжмятав даргыг гараагүйд харамсч байна. Энэ даргыгаа ирээд Засаг даргаар ажиллах юм бол бид Ардчилсан намын төлөө саналаа өгөхөд бэлэн байна" гэсэн саналууд их ирсэн.
Надад ч захидал, утсаар ирж байсан. Би заавал УИХ-ын гишүүн болно гээд хусмаа чамласан хүүхэд шиг байж болохгүй шүү дээ. Тийм учраас "Ард түмэн тийм сэтгэл, итгэлтэй байгаа бол сонгуулийн дүнгээ харъя. Очиход татгалзах юмгүй" гэж хэлсэн. Тэгээд сонгуулийн дүн гарсан 31 суудлаас 16 нь Ардчилсан нам, 15 нь хувьсгалт нам, ер нь их ойрхон саналтай байсан л даа. Тэгсэн ч гэсэн нэгэнт л очно гэсэн юм чинь гээд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцоод саналаа өгсөн.
Надад 18 хүн саналаа өгсөн учир нутагтаа очиж ажиллахаар болсон. Ардчилсан намын орон нутагт дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, дээрээс нь Засаг дарга болоод хөдөө орон нутагт юм хийх вэ, энэ нутагт өсч торнисон хүний хувьд, дээрээс нь энэ нутгаас сонгогдож УИХ-ын гишүүнээр ажилласан дөрвөн жилд харж үзсэн зүйлээсээ юу хийвэл хэрэгтэй вэ гэдгийг сайн мэдэж байсан. Тэр дундаа орон нутгийн удирдагч хүн ямар зүйлийг нь бариад авчихвал биелэгдэх вэ гэдэг зүйлүүдээ оруулаад дөрвөн жилийн хөтөлбөр боловсруулсан.
Энэ зүйлүүдээ хэрэгжүүлэхийн төлөө л гурван жил ажиллалаа. Яахав арван жилд болдог зудны давтамж намайг Засаг дарга болоход таарсан. Нэг талаараа их хүнд ч гэсэн надад хат үзүүлсэн, мөн малчдынхаа ажил амьдралыг илүү ойлгож, хүний төлөө илүү их сэтгэлтэй болгож юм ойлгуулж өгсөн бурхны өглөг цаг хугацаа байлаа гэж ойлгож байгаа.
Ер нь бол Засаг дарга хийсэн хоёр жил хүндхэн өнгөрсөн. Зун нь гантай байсан. Намайг очоод тийм болчихсон юм биш л дээ. Өмнө нь гантай, зудтай бэрх жилүүд байсан. Харин өнгөрсөн жил их өнтэй орлоо. Мал төлөө хүлээж авлаа, малын хохирол нилээн гарсан ч өнгөрсөн жилүүдэд гарсан хохирлынхоо 40, 50 орчим хувийг нөхөж чадлаа.
Орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх томоохон асуудлуудын хүрээнд ажлын байрыг бий болгох энэ асуудал чухал байдаг. Тийм учраас тодорхой хэмжээгээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх асуудлууд дээр онцгой анхаарлаа хандуулж ажиллаж ирсэн. Завхан аймгийг гэрэлгүй аймаг гэдэг байсан.
Газар нутгийн онцлогийн хувьд эрчим хүч авахад хол учраас цахилгаан шугам урт байх тусмаа эрчим хүчний алдагдалтай гэж явсаар их хүндрэлтэй болсон. Дээрээс нь зохион байгуулалт энэ тэр гээд янз бүрийн юм дутагдсаныг үгүйсгэхгүй. Засаг даргын дэргэд "Эрчимтэй хөгжлийн сан" гэж байгуулсан юм. Айл өрхүүд, сумдууд маань 04-ийнхөө шугамыг эвхээд түлээд гэрэл, шугамгүй байсан.
Ямар ч байсан гэрэлтэй болгох нь сум суурин газрын нийгмийн асуудал, боловсролын асуудал, ард иргэдийг мэдээллээр хангах асуудал дээр хэрэгтэй байна гээд бид эрчим хүчээ асаасан. Эхлээд цахилгааны шугамуудыг аж ахуйн аргаар барьсан.
Тэгээд эхний өвөл нь сумдад дөрвөн цагаар эрчим хүчээ өгч эхэлсэн. Дараа нь зунжин Сангийн сайд С.Баярцогт, Эрчим хүчний сайд Д.Зоригт хоёртой олон удаа зангиагүй уулзалт хийсэн. Найз нөхдийн хувиар ч ярьсан, нэг аймаг хариуцсан Засаг даргын хувьд ч ярьсан. Ард түмнийхээ талаарх асуудлаа ярьж хөөрөөд ойлгуулаад ирэхээр хоёр залуу сайд дэмжлэг үзүүлээд ямар ч байсан ирэх жилийн улсын төсөвт оруулъя тэр болтол та үүнийгээ зохицуул гэсэн.
Тэгээд 9 сараас эхлээд бид он дуустал бүтэн гурван сар эрчим хүчээ зургаан цагаар өгсөн. Үүний дараа улсын төсвөөр 680-аад сая төгрөгийн асуудал шийдэгдээд хоёр жил болж байна. Одоо манай айл өрхүүд 8- 10 цагийн эрчим хүчтэй. Дээрээс нь Дэлхийн банкны хөрөнгөөр хоёр сум нарны цахилгаан станцаар ажиллаж байна.
Германы ZTZT хөгжлийн банкны тусламжтайгаар таван сум усан цахилгаан станцаар ажиллаж байна. Одоо "Тайшир"-ын усан цахилгаан станцаас төвдөө болон 6-8 сум эрчим хүчээ аваад ирэхээр эрчим хүчний хомсдол харьцангуй багасчих байх. Үүнийгээ дагаад хүмүүс маань юм хийе, бүтээе гэсэн эрмэлзэлтэй болж байна. Өөрийгөө Засаг дарга байх үедээ 24 цагийн эрчим хүчтэй болгочих юмсан, Монгол төрийн бодлогыг нутаг руугаа чиглүүлж, гадна дотны хөрөнгө оруулалтыг авч хөгжлийг шат шатаар ахиулахаар зүтгэж л байна. Эрчим хүчгүй байсан аймгийг эрчим хүчний хязгаарлалттай болгож байна.
-Завхан, Говь-Алтай хоёр аймаг гэрэл цахилгаангүйгээрээ цоллуулсаар удлаа. Ер нь хэдий хугацааны дараа байнгын эрчим хүчтэй болох вэ?
-Засгийн газраас Завханчуудтай 2012 оны төгсгөл 11,12-р сарын үе буюу 18 сарын дотор эрчим хүчээ өгнө гэсэн гэрээтэй байгаа. Зөвхөн Завханчуудыг биш Говь-Алтайг хангана. Говь-Алтайг хангаад зогсохгүй цаашдаа эрчим хүчний энэ үйлдвэрлэл өргөжин тэлнэ.
Ховд, Увс, Баян-Өлгий аймгууд ОХУ-аас валют төлж эрчим хүч авдаг. Тэгвэл удахгүй Завхан аймаг эрчим хүчний хязгаарлалттай аймаг биш, эрчим хүч түгээдэг аймаг болно. Тэр хэмжээгээрээ манай аймагт явагдаж байгаа үйлдвэрлэл нэмэгдэж орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх учиртай. Эхний ээлжинд 300-400 хүний түр болон байнгын ажлын байр бий болно.
-Баруун аймгийнхны анхаарлыг их татаж байгаа учраас дахиад тодруулж асууя. Энэхүү яриад байгаа эрчим хүчний эх үүсвэр нь хаанаас эхтэй гэнэ ээ?
-Манай аймгийн Тэлмэн сумын нутаг болох Хүрэн талын хөндий гэж сайхан хөндий байна. Тэр хөндий "Могойн гол"-оос 80 километрээс нүүрсээ татна. 110 сая долларын хөрөнгө оруулалттай дулааны цахилгаан станц баригдана.
Засгийн газартай концессын гэрээ байгуулж бариад тодорхой хугацаанд ашиглаад сүүлд нь Монголд үлдээхээр ийм байдлаар гэрээгээ хийж байгаа юм байна лээ. Маньд тэр дээгүүрх гэрээний асуудал, хэлцэлд нарийн ойлголт бол байхгүй. Хамгийн гол нь орон нутгийн ард иргэдийн хөгжил дэвшил чухал байна.
Тийм учраас нэгдүгээрт нь богино хугацаанд найдвартай цахилгааны эрчим хүчтэй болох асуудал, хоёрдугаарт орон нутгийн төсөв улсаас татаастай явдгаа болих. Манай аймгийнхан уул уурхайгаа ашигладаггүй гэж болно. Ашиглалтын лиценз гурав байна, 70 гаруй хайгуулын лицензтэй. Очирваань хайрханыг тойрсон уулсууд хамгаалалттайгаас гадна Завхан аймаг цианит натри, мөнгөн ус байхгүй учраас монголчууд манай аймгийн малын махыг идье гэдэг.
Дээрээс нь өндөр уулсын ховор ургамал их иддэг болохоор манай малын мах тэр чигээрээ витамин байдаг. Тийм учраас Завхан аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, тэнд тариалсан ургамал , малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байна. Ийм учраас бид аймгийн төв, Тосонцэнгэл, Тэс сумдад 3 махны үйлдвэр ажиллуулахаар барилгын ажил эхлээд одоо ашиглалтанд орох гэж байна. Ашиглалтанд орох юм бол зөвхөн гулуузаар нь гаргах биш мах болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бусад аймаг руу, мөн Тува улс болон түүгээр дамжуулан ОХУ руу гаргах бололцоо байна.
-Танай аймгийн нутагт уул уурхайн ажил бараг явагддаггүй гэж ойлгож болох нь ээ?
-Манай нутагт уул уурхайн ажил байхгүй. Ер нь бол Дөрвөлжин суманд "Фүжикс" компани хайгуулын ашиглалтын лицензтэй. Ажлаа хараахан эхлээгүй байгаа. Бид нилээн өндөр шаардлага тавьж байгаа. Ялангуяа орчин үеийн технологиор л ашиглахыг шаардаж тулгаж байгаа. Энэ нь алтны уурхай байгаа юм.
-Таны аймгийн Засаг дарга алба бусад аймгийн дарга нараас арай ялгаатай. Та бол Ардчилсан намаас сонгогдсон Засаг дарга. Харин танай аймгаас сонгогдсон гишүүд бүгд Ардын намынх. Хоёр өөр намын хүмүүсийн ажлын уялдаа холбоо хэрхэн явагдаж байна?
-Яахав дээ, төрийн өмнөөс хариуцлага хүлээгээд ард түмнээ төлөөлөөд ажиллаж байгаа төрийн түшээд, УИХ-ын гишүүд ард түмнийхээ саналыг аваад ажиллаж байгаа. Засаг даргын хувьд ч тэр монгол төрийн ажлыг гацаахгүй, хүндрэлгүй явуулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Мэдээжийн хэрэг нам нь өөр болохоор бас тодорхой улс төрийн өнгө аястай зүйлүүд гарахыг үгүйсгэхгүй.
Хамгийн гол нь хувь хүнээсээ илүүтэй намын асуудал гаргадгийг үгүйсгэхгүй. Зарим гишүүдээс тийм өнгө аястай зүйл гарч байсан нь ч сүүлйин үед гайгүй болчих шиг байна. Хамтарч ажиллая, хийе, бүтээе гээд санал ирэхэд нь би хүлээж аваагүй бол ярих нь зөв л дөө. Гол руу хүн уначихсан байхад нь аврах юмсан гээд тойроод гүйгээд байдаг шиг сэтгэлгүй, улс төрийн өнгө аястай мэдээллүүд гаргаад, тэр нь өөрөө Завхан аймгийнхан хамтарч ажиллахгүй байна гэсэн уур амьсгалыг нийгэмд бий болгоод байгаа талууд бий. Тэрнээс биш орон нутагт ажил гацаад бие биенийхээ дэмжлэгийг авахгүй байгаа зүйл байхгүй.
-Завхан аймгийн Засаг даргын албыг анх авахад нөхцөл байдал ямар байв. Намын ялгаа орон нутагт онцгой шүү дээ. Ялангуяа Ардын намын ноёрхол.
-Завхан аймгийн ард түмэн их зөв сонголт хийдэг гэж би боддог. Урьд урьдын сонгуулиар нэг намд санал өгч байсан тохиолдол байхгүй. Тухайлбал 2004 онд Туяа МАХН-аас, Содномцэрэн Ардчилсан намаас, би бие даан сонгогдож байлаа. Бид гурвын хувьд хамтарч бодлогын чанартай асуудал дээр ажиллахад их үр өгөөжтэй байсан.
Орон нутгийн сонгуулийн хувьд аймгийн Иргэдийн хуралд Ардчилсан нам олонхи бололгүй 20 жил болсон. Харин өнгөрсөн орон нутгийн сонгуулиар анх удаа Ардчилсан нам сонгуульд ялсан учраас ардчиллын үнэт зүйлийг хэрэгжүүлэх, хуучин хэвшмэл загвараас нь гаргах, хүнд суртал, авлига, хээл хахууль зэрэг асуудлыг арилгахын тулд нилээн хичээж ажиллаж байна.
Насаараа л дарга байхыг боддог, сонгууль дөхөхөөр хэдэн килограмм гурил, хэдэн төгрөг өгөөд аргалчихдаг, иргэдээ үл тоомсорлодог нөхөдтэй үзэж тарсан. Үүнийг арилгахын тулд агентлагууд, тамгын газрын дарга гээд багагүй улсуудыг өөрчилсөн. Дахиад өөрчлөх шаардлага байгаа юм. Зөвхөн хуучин ажиллаж байснаас гадна миний үеийн хүмүүс ч гэсэн зарим ажил дээр удаан, мөн итгэл хүлээж ажиллахгүй байна. Би цаг тухайд нь арга хэмжээ авч ажиллаж байна даа.
-Тантай холбоотой хэвлэлээр гарч байдаг шар гэмээр зарим зүйлийг асуумаар байна. Тухайлбал та чинь гэр бүлтэй хүн үү, үгүй юу?
-Надад хэвлэлээр эхнэр авч өгөөд л байх юм. Миний хувьд Завхандаа аав ээж хоёртойгоо амьдарч байна. Эхнэр маань хүнд өвчин тусч яаж ч болохгүй алдаад хэдэн жил боллоо доо. Хэнз хүү минь одоохондоо Америкт сурч байгаа ах эгч хоёртойгоо хамт байгаа.
Би гэдэг хүн өдөр шөнөгүй ажил гэж давхиад, хөдөө ч их явах юм, муу хүүгээ зутраачих гээд болдоггүй. Түр эгч рүү нь явуулсан нь тэр. Хувийн амьдралынхаа талаар өгөх миний яриа ийм байна. Ингээд яриагаа өндөрлөе. Амьтаны баахан нялх үрс энд авчирчихаад хажуунаас нь холдож болохгүй байна. Тийшээгээ очихгүй бол болохгүй.