Ө.Энхтүвшин: Хяналтгүй төсөв баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр орой Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Баталсан төсвийн хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 7088,3 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 40,2 хувь байх бол Монгол Улсын төсвөөс 2013 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 5,975,087,2 сая төгрөгт багтах юм. Мөн ирэх онд Улаанбаатар хот 3.7 тэрбум, Орхон аймаг 2.6 тэрбум, Өмнөговь аймаг 23.6 тэрбум төгрөгийг тус бүр Орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлэх үүргийг УИХ-аас авлаа. Өөрөөр хэлбэл, 21 аймгаас ердөө гурав нь л Орон нутгийг хөгжүүлэх санд хөрөнгө төвлөрүүлэх бол бусад 18 аймгийн хувьд улсаас татаас авч амьдрах болж буйг энэхүү заалт харуулж байгаа юм.
Нэгдсэн төсвийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс зарим зүйлийг тодрууллаа.
-Ирэх оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг УИХ баталлаа. Цөөнхийн бүлгээс тавьж ирсэн саналууд нэгдсэн төсөвт туссан уу, сайжруулж чадсан уу?
-Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл анх УИХ-д орж ирснээ бодвол дээрдсэн. УИХ дахь МАН-ын бүлгээс хэд, хэдэн санал тавьсан, түүнийг хүлээж авлаа. Жишээлбэл, жижиг, дунд үйлдвэр, оёдол сүлжмэлийн үйлдвэрлэл, газар тариаланг хөгжүүлэх чиглэлээр татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн заалт өмнөх төсвийн хуульд тусгагддаг байсан. Түүнийг хүчингүй болгохоор оруулж ирсэн. Цөөнхийн бүлгээс “Татварын хөнгөлөлтийг хүчингүй болгож болохгүй, үргэлжлүүлэх ёстой. Хамгийн гол нь жижиг, дунд үйлдвэрт үзүүлж байгаа хөнгөлөлт нь ажлын байр нэмэгдүүлэх хамгийн том боломж учраас үргэлжлүүлэх ёстой” гэж үзэж байсныг хүлээж авсан. Боловсролын салбарт ажиллагсдад үзүүлэх урамшууллыг хасахаар оруулж ирснийг мөн өөрчилж, хүлээж авлаа. Тэгэхдээ шүүмжлэлтэй хандах хэд, хэдэн асуудал бий. Нэгдүгээрт, хүн рүүгээ хандсан төсөв болж чадсан уу гэвэл чадсангүй. Цалин, тэтгэврийг ирэх жил ч түүний дараагийн жил ч огт нэмэхгүй, тийм боломж байхгүй гэдгээ Ерөнхий сайд сая УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэллээ. Хоёрдугаарт, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой хөтөлбөр төсөл тусгагдаж чадсангүй. Тэгсэн атал захиргааны зардал өмнөхөөс нэлээд хэмжээгээр нэмэгдлээ. Энэ нь шинэ шинэ яам, агентлагууд байгуулагдсанаар түүнийгээ дагаад зардал өссөн гэсэн үг юм. Дөрөвт, зарим талаар төсөв хяналтгүй боллоо.
-Хяналтгүй төсөв гэдгийг та ямар утгаар хэлээд байна вэ?
-Ерөнхий сайдын мэдэлд 82 тэрбум төгрөг үндсэндээ задаргаагүй тавигдлаа. Дээр нь Засгийн газрын нөөц 20 тэрбум төгрөгийг нэмбэл нийт дүнгээрээ 102 тэрбум төгрөгийг бөөн дүнгээр нь баталчихлаа шүү дээ. Задаргаагүйгээр ийм их хэмжээний мөнгийг тусгаж болохгүй гэдэг зүйлийг бид маш олон удаа ярьсан, гэвч хүлээж авсангүй. Бүр тусгай хууль гаргаад үүнийгээ зөвтгөөд явчихлаа. Ерөнхий сайдын багцад 82 тэрбум төгрөг задаргаагүй батлагдана гэдэг анх удаа хийгдэж байгаа асуудал. Үнэхээр анхаарал татаж байгаа, энэ муу жишиг болно. Цаашдаа аймгийн дарга нар орон нутгийн төсөв батлагдахад яг энэ жишгээр бөөн бөөн мөнгө өөрийнхөө мэдэлд авахыг үгүйсгэх аргагүй. Суманд аягүй бол үргэлжилнэ. Энэ бол хяналтгүй үлгэр жишээ боллоо гэж үзэж байна.
-Сангийн сайдын тайлбарласнаар бол яг ч бас задаргаагүй биш, хийх ажлынх нь чиглэлийг оруулаад ирсэн гэх юм?
-Яах вэ, хөрөнгө оруулалтын 50 тэрбум дээр нь 10 асуудлыг чиглэл болгож тавилаа. Жишээ нь аймгуудад битүү зах байгуулна, цэнгэлдэх хүрээлэн байгуулна гэх мэтчлэн чиглэл заасан зүйл оруулсан. Гэхдээ түүнийгээ яг тэр чиглэлээр нь ашиглах уу, зориулалтыг нь өөрчилчихвөл яах вэ, тиймээс заасан 10 төрлөөсөө өөр зүйлд зарцуулахгүй гэдгийг баталгаажуулах ёстой гэдэг шаардлага тавьсан, сая шийдвэр гаргаад ирэх оны нэгдүгээр улиралдаа багтаагаад 10 чиглэлдээ хэд, хэдийг яаж хуваарилах вэ гэдгээ оруулж ирэхээр боллоо. Тэгсэн ч энэ нь хангалтгүй цаанаа 32 тэрбум төгрөг бөөндөө үлдэж байгаа. Энэ бол бидний бодож байгаагаар улстөрийн санхүүжилт болж явна л даа. Нөгөө талаараа бол энд сууж байгаа олонхийг бүрдүүлж байгаа улсуудын нэг тэрбум төгрөг энэ дотор нуугдаж байж болох талтай.
-Төсвийн алдагдлыг ДНБ-ний хоёр хувьтай тэнцүүлэхээр анх өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан байсан. Үүнийгээ барьж чадсан уу?
-Ямар ч байсан алдагдлыг ДНБ-ний хоёр хувьтай мөргүүлж чадлаа.
-Нэгдсэн төсвийн хуулийг Мөнгөний бодлоготой уяж чадсан уу?
-Мөнгөний бодлоготойгоо баталсан төсвөө харах юм бол уялдаж байгаа. Мөнгөний бодлогод ирэх онд инфляцийг найманд хувьд барихаар баталсан. Гэхдээ амьдрал дээр хэрэгжүүлэхэд маш хэцүү байх болов уу, нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөх шинжтэй боллоо. Нефтийн төрлийн бүтээгдэхүүн бүхий л бараа бүтээгдэхүүний суурь болж ирсэн, тэгэхээр инфляцийг ирэх онд найман хувь руу буулгана гэдэг маш хатуу болж байгаа юм, тиймээс он гараад нэгдсэн төсвийн хуульдаа тодотгол хийх шаардлага гарах байх.