НББСШУ-ын байнгын хороогоор Төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.
Тухайлбал, С.Ганбаатар гишүүн хүүхэлдэйн киноны үйлдвэр барих асуудлыг төсөвт тусгуулах санал гаргасан. Монголын хүүхдүүдэд хүүхэлдэйн киногоор дамжуулан үндэсний бахархал, үндэсний баатар, үндэсний брэндтэй болоход анхаарал хандуулах хэрэгтэй. Үйлдвэрийг нь барьдаггүй юмаа гэхэд кино хийх хөрөнгийг төсөвт тусгахыг дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Г.Уянга, Г.Баярсайхан гишүүд хэлж байлаа.
Харин Ц.Оюунгэрэл гишүүн, хүүхэлдэйн кино хийе гэж зүгээр ярих бус тодорхой хөтөлбөрийн хүрээнд энэ асуудлыг ярих нь зүйтэй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхэлдэйн кино бүтээх асуудлыг тусгаад дэмжээд явах боломжтой гэлээ.
С.Ганбаатар гишүүний гаргасан саналыг гишүүдийн олонхи дэмжсэн юм. Харин тэрээр хүүхэлдэйн киноны үйлдвэр барихад том тоо бий гэдгийг хэлээд, эхний ээлжинд бэлтгэл ажилд 100 сая төгрөг төсөвлүүлэх саналтай байгаагаа дуулгав.
Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод загвар эмнэлэг барихад 250 сая төгрөг, Цагааннуур сумын дотуур байр барих төсөвт 850 сая төгрөгийг төсөвт тусгуулах Л.Энх-Амгалан гишүүний санал, Улсын Клиникийн төв эмнэлэгт элэг, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбар хийх багаж, тоног төхөөрөмж авахад 2 тэрбум төгрөг төсөвт тусгуулах З.Баярсэлэнгэ гишүүний санал, С.Эрдэнэ, С.Одонтуяа нарын гишүүдээс гаргасан Баянгол дүүргийн эмнэлгийн тоног, төхөөрөмж авахад 1,2 тэрбум төгрөгийг төсөвт суулгах зэрэг гишүүдийн гаргасан саналууд тус тус дэмжлэг авав.
Харин М.Зоригт гишүүний Сүхбаатар аймгийн Асгат сумын 100 хүүхдийн цэцэрлэг барихад 800 сая төгрөг, Эрдэнэцагаан суманд цэцэрлэг барих 1,1 тэрбум төгрөгийг төсөвт суулгах саналыг гишүүдийн дэмжсэнгүй.
Санал хураалт явуулж дууссаны дараа гишүүдийн дэмжлэг авсан саналуудыг нэгтгэн Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.