Ногоон хөгжилд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлагатай гэлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2012.10.16/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг байлаа.
Үйлдвэр, хөдөө, аж ахуйн сайд Х. Баттулга хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан танилцуулга хийлээ. Сайдын танилцуулснаар тус яамны 2013 оны урсгал зардлыг 312,9 тэрбум, хөрөнгө оруулалтыг 121,9 тэрбум төгрөгөөр төсөвлөжээ.
Улаанбуудайн үйлдвэрлэлийн тонн тутамд өмнө нь 50 мянган төгрөгийн урамшуулал үзүүлж байсан бол түүнийг 100 мянган төгрөг болгон өсгөөд байгаа юм. Тиймээс энэ оны болон ирэх жилийн буудайн урамшуулалд нийт 30 тэрбум төгрөг дутуу байгааг төсөвт суулгаж өгөхийг хүслээ.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин зарим гишүүд саналаа хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн М. Зоригт Сүхбаатар аймгийн ХАА-н конторын барилгын санхүүжилтэд зарцуулсан 890 сая төгрөгийг төсөвт тусгуулах, УИХ-ын гишүүн Ж.Гарамгайбаатар Хэнтий аймгийн Мал эмнэлгийн лабораторын барилга санхүүжилт байхгүйгээс зогсонги байдалд орсон байгаа учир хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгөөч гэсэн санал орууллаа.
Тус байнгын хорооны дарга Г.Баярсайхан санал гаргасан М.Зоригт, Ж.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг нарын гишүүдийн саналыг нэгтгэн, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл аймгууд дахь ХААҮ, ЖДҮ-ийн ажлын байрны нөхцөл сайжруулахад зориулан төсвийг 1,9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх гэсэн томьёоллоор санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.
Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын 2013 оны төсвийн төслийг салбарын сайд С.Оюун танилцуулав.
Тус салбарын 2013 оны төсвийн төслийг боловсруулахдаа хөтөлбөрт суурилсан дунд хугацааны арга хэмжээг санхүүжүүлэх, төсвийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэхэд бодитой, үндэслэлтэй төлөвлөхийг зорилт болгосон гэлээ.
Төсвийн нийт багц 82,729,4 сая төгрөг, үүнээс урсгал зардал 73,740,8 сая төгрөг, хөрөнгө оруулалтын зардал 8,985,6 сая төгрөг, орон тоо 2,757 байхаар тусгажээ.
УИХ-ын гишүүн Б. Наранхүү нөхөн сэргээлт ямар түвшинд хийгдэж байгаа талаар сайдаас асууж, мөн нөхөн сэргээлт хийхэд анхаарах, экспертийн ажлыг эхлүүлж, дэлхийн аль түвшинд явааг тогтоолгох, зардал мөнгийг төсөвт суулгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, байгалиас авч байгаа мөнгө, байгальд өгч байгаа мөнгө асар их зөрүүтэй байна гээд ногоон хөгжилд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлагатай байгааг онцолсон юм