Ц.Даваасүрэн: Төсөв 500-700 тэрбумаар тасарна”
УИХ-аар хэлэлцэж буй 2013 оны Төсвийн төсөл хоёрдугаар хэлэлцүүлэг дуусч, гуравдугаар хэлэлцүүлэгт шилжээд буй. 2013 оны Төсвийн төслийг арваннэгдүгээр сарын эхэнд батлах шийдвэр гарсан бөгөөд дахин хоёр хэлэлцүүлэг үлдээд буй. УИХ-ын Төвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй 2013 оны Төсвийн төслийн талаар ярилцлаа.
-News агентлаг төсвийн хэлэлцүүлгийг ил тод байлгах, иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор цуврал мэдээ мэдээллийг хүргэж байгаа. Үүнд 2013 оны төсвийн алдагдал, орлого зарлагыг иргэдэд ойлгохоор тайлбарлана уу гэсэн хүсэлт ирж байгаа. Тухайлбал, хүмүүст хэр хэмжээний зарлагатай, хэр хэмжээний орлогыг бүрдүүлэх төсөв болсон бэ гэсэн асуулт байна?
-Төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу ДНБ-ний хоёр хувьтай байх хэмжээнд төлөвлөсөн байгаа. Төсвийн орлого, зарлага өмнөх жилийн төсвөөс буураагүй, харин ч өссөн. Ийм замаар эдийн засаг, бизнесийн орчноо хямралаас тогтвортой авч гарна гэж үзэж байна. Төсвийн зарлага нийт хэрэглээний 40 гаруй хувийн эзэлдэг. Энэ хэрэглээ буурвал бизнес эрхлэгчдийн борлуулалт буурч, орлого нь багасна. Ажилчдаа цөөлнө, цалингаа өсгөж чадахгүй, улмаар ядуурал нэмэгдэхэд хүрнэ. Жишээ нь, хөрөнгө оруулалтыг бууруулбал барилгын компаниудад ажил олдохгүй болно биз дээ. Тиймээс бизнесээ хямралаас хамгаалах, иргэдийнхээ орлогыг бууруулахгүй байхад чиглэгдсэн төсөв гэж хэлж болно.
-Шинэчлэлийн Засгийн газрын төсвийн төслөөс шинэчлэлийн үнэр үнэртэхгүй байна гэсэн яриа гарах болж. Өнгөрсөн жилийн төсвөөс ялгаатай гэж зарим нь яриад байх юм. Энэ оны төсвийг шинэчлэн боловсруулж чадсан уу?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр өөрөө шинэчлэлийг хэрэгжүүлэх баримт бичиг. Энэ хүрээнд төлөвлөгдсөн төсөв. Гэхдээ ингэж шинэчлэх нь дээ гэсэн дүр зураг тод харагдаж байна гэж хэлж чадахгүй. Тийм ч хугацаа байхгүй байсан байх. Зарим нэг арга хэмжээний зардлыг бөөн дүнгээр тавилаа гээд шүүмжлүүлээд байгаа. Цаг хугацааны хувьд Хөгжлийн яам эмхлэн байгуулагдаж дуусаагүй байхдаа төсвөө боловсруулж оруулсныг бодолцох ёстой. Харин цаашдаа бол толгойг нь илээд байж болохгүй. Хөгжлийн бодлого туссан, төлөвлөлтөөр зохицуулсан төсөв төлөвлөх хэрэгтэй.
-Шинэчлэлийн Засгийн газар алдагдалтай төсөв хүлээж авсан гэж байгаа. Төсвийн бүрдүүлэлт дээр хэрхэн анхаарч байна вэ?
-2012 оны төсвийн гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээнд хэрэгжинэ гэхэд хүндрэлтэй төлөв ажиглагдаж байна. Тиймээс манай төсвийн орлого бүрдүүлэлтийг хариуцаж байгаа газрууд маань өндөр ачаалалтай ажиллах шаардлага гарч байна.
-УИХ-ын гишүүдийн тэрбумыг хассан ч түүнийгээ бусад зүйлд суутгасан гэсэн шүүмжлэлийг МАН-ыхан хэлж байгаа. Тухайлбал, шинэчлэлийн нэрийн дор 31 тэрбум, Ерөнхий сайдын нэр дээр нарийвчилсан задаргаагүй 50 тэрбум төгрөг төсөвлөсөн гэх мэт?
-2013 оны төсвийн хувьд гишүүдийн гэсэн нэг тэрбумын асуудал байхгүй байгаа.
Мөн сайд гишүүд өөрсдийн тойрогт илүү мөнгө төсөвлөсөн, орон нутгийн төсвийн хуваарилалт тэгш бус байна гэсэн шүүмжлэл байна?
-Жил бүрийн төсөв хэлэлцэхэд бие биеэ хардсан ийм асуудал гарч байдаг. Ялангуяа гишүүн сайд нарыг их харддаг. Та бүхэн төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үзсэн бол зарим сайд нар “тойргийн төсөв хасагдлаа” гэж бухимдаж байсныг харсан байх. Төсвийн ажлын хэсэг дээр ач холбогдлоор нь хөрөнгө оруулалтын зарим нэг арга хэмжээг хасах буюу төсвийг нь бууруулж, өөр арга хэмжээ нэмж оруулсан. Ингэхдээ аль болох хэрэгжилт нь эхэлсэн барилга, байгууламжуудыг дуусгах чиглэл баримталлаа.
-Орон нутагт төсвийг захиран зарцуулах эрхтэй болж байгаа нь нь хэт их мөнгийг орон нутагт төсөвлөж байгаа хэрэг биш үү?
-Ирэх жилийн төсвийн хуулийн нэг онцлог бол шинэ хуулиудын орчинд хэрэгжих асуудал юм. Төсвийн болон бараа, ажил, үйлчилгээ худалдан авах шинэ хуулиуд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Эдгээр хуулиудаар орон нутгийн төсвийн эрх мэдлийг нилээд нэмэгдүүлсэн. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ өнөөдрийг хүртэл, орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлууд олон талаар шүүмжлэгдэж байгааг анхаарахгүй байж болохгүй. Ялангуяа хууль илт зөрчиж тендер зохион байгуулдаг асуудал их яригддаг. Мөн “чанаргүй” гэдэг асуудал байна.
-Халамжийн бодлогоос салах ёстой гэдэг. Гэтэл энэ сараас хүүхдийн мөнгө олгож эхэлсэн. Нийгмийн баялгийг хуваарилах хамгийн оновчтой хэлбэр нь хүүхдийн мөнгө мөн үү?
-Ер нь ажилгүй, орлогогүй иргэддээ хүүхдийн мөнгө хэлбэрээр халамжийн туслалцаа үзүүлэх нь буруу биш. Харин оновчтой хэлбэрээр өгөх хэрэгтэй болов уу. Уг бодлогыг хавтгайруулж олгож байгаад асуудал байх шиг. Уг нь зорилтод бүлэгтээ олгоод орлого сайтай айлын хүүхдүүдийг хамруулахгүй байж болно. Ингэх нь оновчтой. Өмнө хүүхдийн мөнгө олгодог байхад 10 гаруй тэрбум төгрөгийг эцэг, эх нь авахгүй банкинд ашиг болж эргэлддэг байсан санагдана.
-Урсгал зардлыг бууруулах ёстой гэсэн ч яамдын тоог нэмэгдүүлэх нь харин ч зардлыг нэмэгдүүлж байгаа хэрэг биш үү, урсгал зардлыг хэрхэн тооцоолсон бэ. Бэлэн мөнгө тараах нь урсгал зардлыг нэмэгдүүлэх хүчин зүйл болох уу?
-Миний хувьд өнгөрсөн хугацаанд “цомхон, чадвартай” гэсэн гоё PR хийж яамдаа бодлого гаргах чадваргүй болгосонд харамсч явдаг. Уг нь хийх ажилтайгаа уялдсан орон тоотой байх ёстой. Гэтэл цөөлсөөр байгаад урсгал ажилдаа дарагдаад бодлогын ажлаа орхигдуулдаг яамдтай л үлдсэн. Бодлогогүй, төлөвлөлтгүй явж ирсний горыг бид хангалттай амслаа. 2000 онтой харьцуулахад манай эдийн засаг, төсөв 16 дахин өссөн ч үүний үр шим амьдрал дээр нийтлэг мэдрэгдэхгүй байгаа нь үүний нэг илрэл юм. Тийм учраас уул уурхай дагаж бий болж буй боломжуудынхаа өмнө гарч бодлогоор удирдаж, төлөвлөлтөөр зохицуулах зорилгоор “Хөгжил, төлөвлөлтийн яам”-ыг байгуулсан. Энэ яамны төсөв гурван тэрбум төгрөг. Гэхдээ яам бий болсноор жишээ нь, хэдэн арван их наядын орлогыг нийгэмд бүтээх ёстой. Ингэж чадвал энэ яам байгуулагдсаны зорилго хэрэгжинэ.
-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, урсгал зардлыг бууруулсан төсөв болж чадсан уу?
-Ний нуугүй хэлэхэд хөрөнгө оруулалтыг “үр ашиг талаас нь нарийвчилж эрэмбэлж сонгосон” гэвэл худлаа хэлсэн болно. Хөгжлийн яаманд маань тийм ч хугацаа байсангүй.
Энэ удаа бол бараг хуучин аргачлалаараа л боловсруулж оруулж ирсэн.
Эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед төсвийн зардлыг хасч эдийн засгийн хэрэглээг бууруулахгүйг зорьсон. Тодруулбал, хэрэглээг тогтвортой байлгаж бизнесээ тогтвортой авч үлдэхийг л зорьсон гэдгийг өмнө би хэлсэн. Мэдээж үр ашиггүй зардлыг хасах ёстой. Харин зардал буурч л байвал зөв гээд механикаар хасаад төсвийн байгууллагуудаа хэвийн ажиллах боломжгүй болгоод байж болохгүй. Өмнө төсвийн байгууллагуудын зардлыг нийтэд нь 10 хувиар хасч байна гээд эцэст нь хүйн халдвар гарч байсныг санахад илүүдэхгүй. Үүний хариуцлагыг хассан гишүүд маань хүлээгээгүй шүү дээ. Асуудалд бодитой, судалгаа, дүгнэлттэй хандаж байх хэрэгтэй. Гоё PR хийж байна гээд төрийн үйл ажиллагааг сүйтгээд байж болохгүй.
-Мөнгөний бодлогоор зээлийн хүүг бууруулах бодлого барьж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь зүйтэй ч энэ төсөв тийм биш гэх хүмүүс бас байна?
-Хэрэглээний зах зээл талаас нь харвал, энэ төсөв эдийн засаг, бизнесийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсөв гэдгийг дахин хэлэх байна. Харин ч бизнесийн орлого нь буурахгүй, тогтвортой байвал зээлийн эрэлт бага, хүү өсөхгүй юм биш үү. Мөн зөвхөн төсвийн хөрөнгөөр бус Хөгжлийн банкаар дамжуулж нийлүүлэлтийг дэмжсэн тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг эхлүүлнэ. Ингэснээр харин ч өөрийн чинь асуугаад байгаа нийлүүлэлтийн хурдац, эргэлт сайжирч, үнэ, инфляцид эерэг нөлөөлнө үзүүлнэ шүү дээ.
-Засгийн газар бонд гаргах нь эрсдэлтэй, эрсдэлгүй гэсэн хоёр өөр байр суурь яваад байна?
-Гадаад санхүүгийн зах зээлээс мөнгө босгох таван тэрбум ам.долларын бондыг асууж байна гэж ойлгоод хариулъя. Манай эдийн засгийн ирээдүйн орлого сайн байгаа учраас түүнтэйгээ уялдуулаад, өрийн дарамтаа тооцоод зээллэгээ хийхийг миний хувьд дэмжиж байгаа. Хямралаас айгаад уул уурхайгаас бий болсон эдийн засгийн өсөлтөө царцааж, борцолж болохгүй. Харин ч зээллэгээ хийгээд ч гэсэн тогтвортой авч гарах нь зөв байх. Ингэж чадвал, хурдацтай өсөлтөө хямралаас хамгаалж авч гарна. Миний айж байгаа зүйл бол төрийн чадавхи. Бид бий болсон боломжоо сайн засаглалтай, бодлоготой, төлөвлөлтэй, хариуцлагатай төрөөр л удирдбал үр дүнд хүрнэ. Харин боломжоосоо хэн нь ахиухан хүртэх бэ гэдэг бодлогоор явбал эцсийн үр дүн муутай, гадагш нь алдаад л дуусна.
-Орлогыг хэрхэн бүрдүүлэх вэ. Уул уурхай, гааль, татвараас хэрхэн бүрдүүлэх вэ. Хамгийн гол нь өнгөрсөн жил урьдчилсан хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн ч орж ирээгүй шүү дээ?
-Одоогийн хөгжлийн төвшнөө тогтвортой байлгаж чадвал татвар, гаалийн орлого энэ жилийнхээс ирэх онд буурахгүй дүр төлөв байна. Мэдээж уул уурхайн орлого голлох байр суурь эзэлнэ. Үнийн төсөөллийг авахдаа олон улсын санхүүгийн байгууллагуудын гаргасан төсөөлөлд тулгуурласан. Ер нь бол орлогыг боломжит дээд хэмжээнд ойртуулж авсан. Тиймээс бизнесийн идэвхжилтийг бууруулахгүй байх арга хэмжээ авч ажиллах нь чухал болж байна. Бий болох эх үүсвэрүүдийг энэ чиглэлд зарцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, үр ашигтай чиглэлд бондын зээллэгээний санхүүжилтийг хандуулах нь хэрэгтэй.
-Төсөвт уул уурхайгаас орж ирэх хөрөнгө оруулалтыг хэрхэн зохицуулсан ба?
-Өнгөрсөн он гэж энэ 2012 оныг хэлж байна. Энэ жилийн хувьд бол хүлээж буй гүйцэтгэлээр орлогын төлөвлөгөө 500-700 тэрбум төгрөгөөр тасарч болзошгүй байна. Энэ нь нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаатай холбоотой. Ирэх 2013 оны хувьд уул уурхайн орлогыг гадаад зах зээл дээрх төсөөлөлөөр авсан.
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох Хүний хөгжил сангийн мөнгө, өнгөрсөн хугацаанд 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийн мөнгийг оноос өмнө өгнө гэсэн. Бүрдүүлэлтийг нь хаанаас авч байгаа, оноос өмнө өгч чадах уу?
-Орлогын хувьд хүндрэлтэй байгаа юм билээ. УИХ бол энэ мөнгийг өгөх төсвийг баталж өгсөн. Орлогыг хэрхэн бүрдүүлж, өгөх асуудал нь Засгийн газрын үүрэг юм. Тиймээс Засгийн газраас асуувал илүү оновчтой болох байх.
-Мэдээж төсөв шүүмжлэл дагуулж байгаа ч намын мөрийн хөтөлбөр биелүүлэх мөнгө болж байна гэх шүүмжлэл их гараад байгаа. Оновчгүй гэдэг юм уу, энэ нэг ийм болсон гэх хөрөнгө оруулалт юу харагдаж байна вэ?
-Төсөв гэдэг чинь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн баримт бичиг шүү дээ. Тэгэхээр туссан хөрөнгө оруулалтууд энэ хүрээнд л хийгдэх ажлууд гэж ойлгож болно. Үр ашгийн хувьд бүгдийг нь сайн тооцоолжээ гэж би хэлж чадахгүй. Хөгжлийн яам удахгүй хөрөнгө оруулалтын дунд хугацааны бодлогыг гаргахаар ажиллаж байгаа юм билээ. Үүний дараа бол харин үр ашгийн хувьд харьцуулж харж болно.
-Энэ удаагийн төсөвт энэ салбарт илүү анхаарна гэсэн хөрөнгө оруулалт бий юу. Аль салбарт илүү хөрөнгө оруулалтыг суулгаж өгсөн бэ?
-Ирэх жилд хөгжил дэмжих дэд бүтцийн зам, эрчим хүчний салбарт илүү хөрөнгө оруулалтууд хийгдэнэ.