ТББ-ын хороо Төсвийн хуулийн хэлэлцүүлэг  хийлээ
2012.10.17

ТББ-ын хороо Төсвийн хуулийн хэлэлцүүлэг хийлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /10 дугаар сарын 17-ны Лхагва гараг/ хуралдааны эхэнд Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Баярцогт ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбоотойгоор Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсийн хамгаалалтын зардлыг төсөвт суулгаж өгсөн эсэхийг асуухад энэхүү зардлыг тусгаагүй нь тодорхой болов.

Түүнчлэн шинээр байгуулагдсан зарим агентлагийн орон тоо, төсөв ирэх оны төсвийн төсөлд суусан эсэх, ШӨХТГ-аас хийхээр төлөвлөсөн ажилтай ирэх оны төсөв хэр уялдаж байгааг Н.Батцэрэг гишүүн асуухад Сангийн сайд Ч.Улаан “Худалдан авалтын агентлагийн төсөв ирэх оны төсөвт суусан” гэсэн бол ШӨХТГ-ын дарга О.Магнай ирэх оны төсвийг боломжийн гэж бодож байгаагаа хэллээ.

Үүний дарааа 2013 оны төсвийн төсөлтэй холбоотойгоор гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй хэд хэдэн саналын томьёоллоор санал хураав.

Үүнд орон нутгийн сонгууль явуулахтай холбоотойгоор УБЕГ-ын зардал тусгагдаагүй орхигдсоныг тусгаж, цагдаагийн байгууллагын зардлын асуудлыг холбогдох Хууль зүйн байнгын хороогоор дамжуулан оруулж ирэх асуудлыг дэмжлээ.

УИХ-ын ирэх оны төсвийн төслийг УИХ-ын төсвийн хязгаарт багтаан шийдвэрлэж, Сангийн яаманд хүргүүлсэн атал УИХ-ын тухай хуулийн 42-2-дугаар зүйлийн 42-2-4 дэх хэсэгт “Засгийн газар, УИХ-ын төсвийн төслийг улсын төсвийн төсөлд бүрэн тусган УИХ-д өргөн мэдүүлж батлуулна” гэсэн заалтыг зөрчиж, УИХ-аас батлуулсан хөрөнгө оруулалтын төсвийг 701,4 сая төгрөгөөр бууруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн байв. Энэ талаар Сангийн сайд Ч.Улаан тайлбарлахдаа “Хөрөнгө оруулалт дээр дэлгэрэнгүй тайлбар өгч чадахгүй. Зайлшгүй хараат бус байдлыг нь хангах ёстой төрийн институцүүдтэй нэг бүрчлэн тохирч зардлыг нь төсөвлөсөн” гэсэн бол

Байнгын хорооны гишүүд хэлэлцэх үед УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн:

-2013 оны төсөвт УИХ-ын хөрөнгө оруулалтаас 701,4 сая төгрөг хасч оруулж ирсэн. Зарчмын хувьд УИХ-ын төсвийн төслийг улсын төсвийн төсөлд бүрэн тусган оруулж ирсний дараа хасах асуудал яригдах учиртай. Одоо ингээд харахаар УИХ-ын төсөв нэмэгдэж байгаа мэт дүр зураг гарч байна. Урсгал төсөв, хөрөнгө оруулалтын төсөв хоёрын дүнг нэгтгэсэн энэ үзүүлэлтийг УИХ-ын тухай хуулийн 42-2-4-т заасны дагуу бүрэн тусгаж УИХ-аар батлуулна гэсэн байгаа гэв.   

 Дээрх асуудалтай холбогдуулан С.Баярцогт гишүүн “Оруулж буй санал бүр орлого зарлагатайгаа баланслагдаад явах ёстой тул одоо оруулж ирж буй зарлагадаа багтаан шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн бол Сангийн сайд Ч.Улаан ТББХ-ндоо саналаа уламжлаад тус байнгын хороо өөрчлөлт оруулах горимоор явъя гэсэн санал гаргав. Ингээд Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн яамдтай тохиролцсоны үндсэн дээр нийт дүнд нь багтаан ТББХ-нд санал оруулахыг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжлээ.  

Байнгын хорооны гишүүдээс гаргасан Зарчмын зөрүүтэй саналуудын дотор УИХ-ын гишүүн М.Зоригт Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын байр аянганд ниргүүлж шатсан учир төрийн байгууллага ажлаа явуулах боломжгүй болсон тул төсөвт хөрөнгө мөнгө суулгах санал ирүүлснийг зайлшгүй шаардлагатай зардал хэмээн үзэж дэмжсэн бол Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ЗДТГ-ын байрыг шинэчлэх талаарх ТББХ-ны дарга А. Бакейгийн саналыг төсвийн ерөнхийлөн захирагч өөрөө энэ асуудлыг  орон нутгийн шугамаар оруулж ирэх ёстой хэмээн дэмжсэнгүй.

Мөн удахгүй болох орон нутгийн сонгуультай холбогдуулан Р.Бурмаа гишүүн СЕХ-ны хөрөнгө оруулалтын зардал дээр архивын зориулалттай сейф авах, СЕХ-ны агуулах барихад зориулж 116 сая төгрөг төсөвт суулгах санал гаргасан боловч төсөв анх төлөвлөхөд энэ асуудлаа тусгаагүй хэмээн дэмжсэнгүй, харин С.Баярцогт гишүүний гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой цагдаагийн хамгаалалтын зардал болон иргэний бүртгэлтэй холбоотой зардлыг Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам хоёроор давхар хянуулсны үндсэн дээр дэмжихээр боллоо.

Ийнхүү дээрх саналуудыг байнгын хорооноос гаргах санал, дүгнэлтэндээ тусгаад Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийхийг дэмжсэн санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.