Авилгалын гинжийг Н.Энхбаяраар таслахтун!
2012.05.24

Авилгалын гинжийг Н.Энхбаяраар таслахтун!

Авлигын гинж байгаа. Түүнийг гол хэлхээ нь гэж Н.Энхбаярыг нийгмээс тусгаарлан хорьсон гэж найдъя. Хөвөрдөж, энэ гинжнээс ард түмнээ чөлөөлөх, улс төрийг бүхэлд нь цэвэрлэх байх гэж хүлээцгээе. Харин авлигын гинжийг улс төрийн шалтгаанаар зориуд тасдаж байгаа бол Монголд илүү хор хөнөөлтэй. Н.Энхбаярыг яллалаа, авлига ингээд байхгүй боллоо гэсэн ойлголтоор сонгуулийн шоу хийх санаархал улс төрийн томчуудад байхыг үгүйсгэхгүй. Н.Энхбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвших, эсэх асуудал сүүлийн үеийн “сонгодог” асуулт болж байна. 


“Н.Энхбаярын гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн шийдээгүй тохиолдолд хэн ч буруутгах үндэслэлгүй гэдгийг хуульд тодорхой заагаад өгсөн. Тиймээс түүний нэр дэвших эрхийг хаах, хориглох эрх зүйн үндэс байхгүй. Сонгуулийн ерөнхий хороо түүнийг бүртгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж өмгөөлөгчид нь мэдэгдэж байгаа нь яллагдагчийн өмгөөлөгч хэн ч байсан илэрхийлэх ёстой л байр суурь. Н.Энхбаярыг нэгэнт яллагдагчаар татсан, албадан саатуулах хугацааг нь хоёр сараар сунгасан. Шүүх хурал нь болох гэж байна.

Түүн шиг аалзны торонд орооцолдсон хүн шүүхээс ялгүй гарна гэдэг эргэлзээтэй. Суллагдлаа гэхэд сонгуульд өрсөлдөх боломж нь хуулиар хаалттай. Монголын нийгэмд Н.Энхбаяр гэдэг хүн сонгуульд өрсөлдөх эсэх нь тийм ч чухал үйл явдал биш. Монголд угаасаа Н.Энхбаяр ганцаараа авлигач биш.

Түүнийг хаан шиг явахад бараа сүүдэр нь болж далдаганагсад одоо газар доогуур ортол нь нулимж суугаа. Н.Энхбаяртай авлигын талаарх үзэл бодол, үйл ажиллагаа нэгтэй нөхөд, түүний өв залгамжлагчид улс төрд л байдаг. Яагаад гэвэл Н.Энхбаяр Монголын улс төрийн намуудын бааз суурийг бүрдүүлэх “бичигдээгүй хуулийг” зохиохдоо л буруу өрчихсөн лидер. Н.Энхбаяр шиг олон даргыг мөнгөөрөө угжиж, улс төрд хэлд, хөлд орсон хүмүүсийн бүхэл бүтэн үе одоо хэдийнэ өсөж өндийцгөөсөн.

Н.Энхбаярын уламжлалыг улс төрийн бүх нам хуулсан учраас Монголд авлигаас ангид арга замаар өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд боловсон хүчнээ бүрдүүлсэн хийгээд сонгуулийн амжилтад хүрсэн нам хүчин гэж байхгүй. Тиймээс сонгуулийн өмнө Н.Энхбаярт тохиолдсон энэ явдал бол зөвхөн тэр хүний асуудал биш юм. Энэ бол Монголын улс төрийн томоохон гэж нэрлэгддэг хоёр намд учирсан бодит байдал нь, хөвөрдөж хөөхгүйгээр өнгөрвөл ирээдүйгээ боомилох шидмэс нь гэж ойлгож болно.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.