МАН Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудлаар хуралджээ
УИХ дахь МАН-ын бүлэг бямба гарагийн орой Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудлын талаар хуралдаж, Нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн дарга Ц.Баясгалангийн мэдээллийг сонссон байна.
Мэдээллийн дараа бүлгийн гишүүд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын амь нас эрсдэх аюултай нөхцөл байдал үүссэн тул түүнийг яаралтай батлан даалтад гаргаж, эмчлүүлэх нь зөв хэмээн санал нэгдэж, энэ хүсэлтээ холбогдох шүүхийн байгууллагад илэрхийлэхээр болжээ. МАН-ын бүлгийн шийдвэрийг хэрхэхийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх шийднэ хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч "Ө.Энхтүвшин мэдэгдлээ. Амралтын өдрөөр болсон бүлгийн хуралдаанд 26 гишүүн оролцжээ.