Д.Тэрбишдагва мэдээлэл хийлээ
Өнөөдөр 12 цаг 40 минутад МАХН-ын төв байр цагаан ордонд МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, МАХН-ын ЕНБД Н.Удвал, НБД Л.Цог нар хэвлэлийн бага хурал хийлээ.Хэвлэлийн хурлыг нээж МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва “Н.Энхбаяр дарга өөрийг нь хууль бусаар баривчилсныг эсэргүүцэн шаардлагыг нь өнөөгийн эрх баригчид үл тоомсорловоос албадан эмчилгээнд орохгүй өлсгөлөнгөө үргэлжлүүлэнэ гэсэн хатуу байр суурьтай байгаа болохооо удаа дараа мэдэгдсэн.Энэ байдлыг харгалзан МАХН уг шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд нар болон Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд тус тус нэн яаралтай хүргүүлсэн боловч одоо болтол усанд хаясан чулуу мэт байна. Ёстой л “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгч болоод байна.
Эх баригчид энэхүү эс үйлдлээрээ Н. Энхбаяр даргыг улс төрийн зорилгоор, илтэд гэмт хэргийн шинжгүй үйлдэлд, хууль бус, харгис хэрцгий, нэн балмадаар баривчилсан Авилгатай Тэмцэх Газар, Цагдаагийн байгууллага, Прокурор, Шүүхийн хууль бус ажиллагааг өөгшүүлснээр үл барам түүний эрүүл мэнд, амь нас нь хутганы ирэн дээр байгааг үл тоомсорлосон хэрэг гэж МАХН дүгнэхээс өөр аргагүй боллоо.Үүссэн нөхцөл байдал нь эрх баригчдын харгис хэрцгий, хүнлэг бус араншинг уудлан илчиллээ.Ц. Элбэгдорж , Д. Дэмбэрэл , С. Батболд нарын тэргүүлж байгаа өнөөгийн төр, засгаас өөр хүлээх зүйлгүй боллоо.Харин эгэл жирийн, цайлган сэтгэлт, шударга иргэд Н. Энхбаяр даргын эрүүл мэнд, амь насанд санаа зовиносондоо шөнө нойргүй хонож, цочрон давчдаж, айдас хүйдэст автсаар байна. Нийгмийн бухимдал туйлдаа хүрлээ.
Шударга ёсыг эрхэмлэсэн мянга мянган иргэдийн уур хилэн, тэмцлийг бид өнөөдрийг хүртэл тайвшруулан тогтоон барьсан боловч бидний хүсэл зориг, хяналтаас эрчимтэй гарч байгаа болохыг Ц.Элбэгдорж , Д.Дэмбэрэл , С.Батболд нарт хатуу мэдэгдэж байна..Энхбаяр даргын биед шаардлагатай оношлогоо, эмчилгээг хийхгүй цаг алдаснаас түүний эрүүл мэндэд эргэлт буцалтгүй өөрчлөлт орж амь нас нь эрсдэх аваас бид түүний амь насыг Ц.Элбэгдорж, Д.Дэмбэрэл, С.Батболд нараас нэхэх болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.Одоогийн харгис дэглэмийг эсэргүүцэн нийгэмд “шударга ёс” тогтоож хууль ёсыг сэргээхээр Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга, Монголын улс төрийн сөрөг хүчний удирдагч Н.Энхбаярын удирдлаган дор эрс шулуудан, зориглон хөдөлсөн Монгол Ардын Хувьсгалт Нам, улс төрийн холбоотнууд, нийт шударга иргэдийн тууштай үйл ажиллагаа нь биднийг ялалтанд хүргэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна” гэв.