Д.Тэрбишдагва: Ерөнхийлөгч өө, таны хэлж байгаа үг таалагдахгүй байна
2012.05.14

Д.Тэрбишдагва: Ерөнхийлөгч өө, таны хэлж байгаа үг таалагдахгүй байна

Төрийн ордонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, нарийн бичгийн дарга Ч.Улаан, О.Чулуунбат нартай уулзаж, Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудлаар ярилцсан байна. 

МАХН-ын гишүүд Н.Энхбаярыг нэн даруй суллах, эрүүл мэндэд нь анхаарахыг хүсч байгаа бол Ерөнхийлөгч “Эрүүл мэнддээ халтай зүйл битгий хийгээч ээ гэдгийг бид өөрт нь хандаж хэлсэн. Амь насаа хамгаалж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Бүх асуудлыг хуулийн дагуу шийдэхийг л ардчилал гэдэг. Тийм учраас хуулийн хүрээнд бүх асуудлыг шийдэх ёстой гэж ойлгож байгаа.Амь насандаа халтай ийм зүйлийг одоо үргэлжлүүлэх хэрэггүй ээ.

Асуудал байгаа бол шийддэг газар нь шийдэг. Өмнө нь хуулийнхан Н.Энхбаярыг дуудаад ирдэггүй, асуух гэхээр болдоггүй байсан. Одоо батлан даалтад гарах гэж байгаа бол өөрөө албан ёсоор бичгээ өгдөг. Хууль журмынх нь дагуу л хандах хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийллээ.Харин Д.Тэрбишдагва “Бид хуулийн байгууллагад хангалттай хандсан. Хуурай өлсгөлөн зарлаад 10 хоночихоод байхад бидэнтэй уулзуулахгүй байгаа учраас хууль, хяналтын байгууллагад итгэх итгэл суларч байна. Мөрдөн байцаалт дууссан. Ийм байхад хориод байх шаардлага нь юу байна гэдэг сонин. Амь насаа алдсаных нь дараа буруу зөвийг яривал хэтэрхий оройтох байх” гэлээ.

Мөн “Ерөнхийлөгч таны бодож байна, ойлгож байна гэсэн үг таалагдахгүй байна. Танаас бид шийдвэртэй хариу сонсох гэж ирсэн” гэсэн юм. Ерөнхийлөгч “Бүх асуудлыг хуулийн дагуу л шийдэх нь зөв. Монголынхоо бүх хууль тогтоомж, манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциудаа харах хэрэгтэй. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүнд үйлчилдэг, ганц хүнд зориулсан хууль гэж байхгүй” гэсэн байр суурийг илэрхийлсээр байна.Уулзалт үргэлжилж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.