”Хоёрдугаар эмнэлгийг шорон болгож байна”
2012.05.11

”Хоёрдугаар эмнэлгийг шорон болгож байна”

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар өчигдөр намын дарга Н.Энхбаярын эрүүл мэндийн талаар хэвлэлийн хурал хийлээ. Д.Тэрбишдагва “Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад 170 гаруй цаг болж байна. Өлсгөлөн зарласан шалтгаанаа хууль хүчний байгууллагуудад хүргэсэн. Ардчилсан ёсыг сахиж байгаа оронд улс төрийн өлсгөлөн зарлах боломж бий. Ямар нэгэн байдлаар тавьсан шаардлагынх нь талаар тодорхой хэмжээнд ярилцах ёстой. Гэтэл өнөөг хүртэл хэн ч ярьсангүй. Зөвхөн эрүүл мэндэд нь анхаараарай л гэж дамжуулсан. УИХ-д энэ талаар танилцуулга хийх гэсэн боловч УИХ-ын дарга ийм боломжийг өгсөнгүй” гэв. Н.Энхбаярыг эмнэлэгт ирэхээс өмнө Ч.Улаан гишүүн тус эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд эмнэлгийн нөхцөл байдал ямар болсон талаар мөн мэдэгдэв. 

Тэрээр “Миний астом хөдлөөд хоёрдугаар эмнэлэгт долоо хоног хэвтсэн. Н.Энхбаярыг ирснээр хойш эмнэлгийн үйл ажиллагааны горим өөрчлөгдсөн. Эмнэлгийн үүдэнд цагдаагийн ажилтнууд олноор харуулд гарсан байна. Хашаан дотор цагдаагийн машинууд байнга жижүүрлэж байгаа. Ингэж сүр үзүүлэх хэрэг байхгүй шүү дээ” гээд тус эмнэлгийг ийнхүү шорон болгож байгаад харамсч буйгаа илэрхийлэв.

Сэтгүүлчид тэднээс та нар яагаад өөрсдийгөө шударга зүйл хийж байна гэж бодож буй тухай, Н.Энхбаярын хэргийг гадны улс төрийн хүчинтэй холбогдож буй хардлагад ямар байр суурьтай байгааг нь асуухад, гишүүн Д.Тэрбишдагва УИХ дээр үгээ хэлэх боломжгүй байгааг, сонгуулийн өмнө намын даргыг нь барьж хорьж байгаад эмзэглэж буйгаа нуусангүй.

Долоо хоног ус тавилгүй өлсгөлөн зарлаж байхад шаардлагынх нь талаар хэлэлцэхгүй байгааг шударга бус үйлдэл хэмээн үзэж буйгаа мэдэгдэв. Мөн Н.Энхбаяр дарга гадны байгууллага, Фрийдландтай холбоотой эсэх асуудлыг мэдэхгүй гэдгээ илэрхийлсэн.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.