Д.Тэрбишдагва: Төрийн тэргүүн байсан хүнээ харсаар байгаад үхүүлэх үү
2012.05.10

Д.Тэрбишдагва: Төрийн тэргүүн байсан хүнээ харсаар байгаад үхүүлэх үү

УИХ-ын чуулган эхэллээ. Чуулганы эхэнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва үг хэллээ. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаярын биеийн байдал цаг тутамд биеийн байдал муудаж байна. Зүрхнийхээ эмийг өнөөдрөөс эхлэн уухаа больж, зогсоохоор шийдлээ. Түүний биеийн байдалтай холбогдуулан батлан даалтад гаргах, биеийн байдалд нь анхаарахыг хүссэн ч хуулийнхан авч хэлэлцэхгүй байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт гурван удаа шаардлага бичиг явуулсан ч хариу ирүүлсэнгүй.


Таны суудал дээр сууж байсан (УИХ-ын даргад хандан) тэр хүний амь нас хутганы ирэн дээр биш, хутганы үзүүр дээр байна. Та болон төрийн өндөрлөгүүдтэй уулзах хүсэлт тавьсан ч хүлээн аваагүй. Ерөнхий сайдтай өчигдөр товч уулзсан. Төрийн тэргүүн байсан хүнээ харсаар байгаад үхүүлэх үү. Н.Энхбаяр дөрвөн шаардлага эрх баригчдад хүргүүлсэн.

Улстөрийн хэлмэгдүүлэлтээ зогсоох, Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй байх ёстой. Тийм учраас сонгуульд оролцох эрхээр хангах, Үндсэн хууль хүн бүр тэгш байх ёстой, өлсгөлөн зарласан өдрөөс хойш зөвхөн өөрийн хүсч буй хоёр хүнээр эмчлүүлэх, энэ үед ямар нэг эм тариа хийлгэхгүй байх гэсэн шаардлага тавьсан. Энэ байр суурийн талаар хэн ч санаа тавихгүй байна. Тийм учраас тэрээр өлсгөлөнгөө зогсоохгүйгээр шийдсэн. Төрийн гурван өндөрлөгт гурван удаа шаардлага тавьсан ч хариу өгсөнгүй” гэсэн юм.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гишүүний хэлсэн үгтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Д.Дэмбэрэл: Би хуулийн дагуу явах ёстой гэж үзэж байгаа. Энэ тал дээр албан ёсоор байр сууриа илэрхийлье. Н.Энхбаярын биеийн байдлын асуудлыг ЭМЯ анхаарах ёстой. Хууль зүйн байнгын хороо, дарга Д.Одбаяр энэ асуудалд анхаарах ёстой. Хуулийн дагуу явах ёстой” гэсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Д.Тэрбишдагвад хандан “Хууль хяналтын байгууллагын ажлыг хийлгэ. Хөндлөнгөөс нь битгий оролцоод бай” гэснээс тэдний хооронд маргаан үүссэн юм. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Н.Энхбаярын асуудлаар чуулганд үг хэлснийхээ дараа чуулганы хуралдааныг орхиж гарлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.