Ч.Улаан:Сэтгүүлч нарыг гаргасны дараа 30 минут Ерөнхийлөгчтэй ярилцсан
УИХ-ын гишүүн, МАХН-ын Нарийн бичгийн дарга Ч.Улаан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсны дараа МАХН-ын байранд мэдэгдэл хийсэн юм.Тэрээр “УИХ-ын 3 гишүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсныг та бүхэн телевизээр харсан байгаа. Гэхдээ энэ бол уулзалтын тодорхой нэг хэсэг байсан.
Сэтгүүлч нарыг гаргасны дараа 30 минут Ерөнхийлөгчтэй ярилцсан. Бид дараах хоёр асуудлыг Ерөнхийлөгчтэй ярилцлаа.Нэгдүгээрт, Монгол Улсын 3 дах Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын эрүүл мэнд амь насыг аврах, Албатан саатуулах шүүхийн шийдвэрийг цуцлах,Хоёрдугаарт, Хууль зүйн хувьд мөрдөн байцаалт дууссан тул батлан даалтад гарах боломжийг олгох гэсэн хүсэлт тавилаа.Прокурор нотлох баримтаа нэгтгээд Дээд шүүхэд шилжүүлсэн байна.Бид өлсгөлөнгөө зогсоохыг Н.Энхбаяр даргаас ятгах, харин ерөнхийлөгч та батлан даалтад гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.МАХН болон МҮАН –ын хамтарсан “Шударга ёс” эвслийнхэн хуралдаж дараах зүйлийг даргадаа уламжлая гэж ярилцлаа.
Үүнд “Таны шударга ёсны төлөө, Монгол Улсын эрх ашиг, ард түмнийхээ сайн сайхны төлөө гаргасан энэхүү хүнд хэцүү бас зоригтой, зарчимч тэмцэл, шийдвэрийг Тантай мөр зэрэгцэн улс төрд ажиллаж байгаа журмын нөхөд тань хүндэлж, дэмжиж, биширч байна аа. Гэхдээ энэхүү тэмцэлдээ ялахын тулд Та эрүүл байж бид ялна, Монгол ялна гэдэгт итгэж байгаа тул Та хатуу тэмцэл болсон Улс төрийн өлсгөлөнгөө зогсоохыг хүсэж байна” гэсэн хүсэлтийг даргадаа уламжлана. Гэхдээ бид уулзаж чадахгүй байгаа болохоор яаралтай батлан даалтад гаргахыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хүслээ” гэж мэдэгдэв.