УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2012.10.12
Д.Оюунхорол: Ерөнхий сайд багш байсан учраас энэ асуудалд өөр өнцгөөс хандах байсан
-Зөвхөн боловсролын салбарт ажиллагсадын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн, хүн рүү чиглэсэн хууль батлагдсан юм шүү дээ-
-Хэдхэн сарын өмнө Боловсролын салбарын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн чухал хуультай боллоо хэмээн боловсролын салбарын ажилтнууд баяртай байсан. Гэтэл шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн энэ хуулийн зарим заалтуудыг хүчингүй болгосон хуулийн төсөл өргөн барьсан байна. Энэ талаар?
-Бүх шатны багш сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын байгууллагын ажиллагсадын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ баталсан хуулийг Монгол улсын 2013 оны төсөв хэлэлцэхэд Засгийн газраас хүчингүй болгохоор УИХ-д өргөн барьсанд харамсаж, сэтгэл маш их эмзэглэж байна. Боловсролын салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахад арын албыг авч явдаг хар бор, хатуу хөтүү ажлыг нь хийдэг төрийн өмчийн сургуулийн ня-бо, нярав, тогооч, сантехникч, цахилгаанчин, үйлчлэгч, манаач, галч, мужаан, үйлчилгээний бусад ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр анх удаа баталсан сайн хууль болсон гэж бодддог. Үүнд боловсролын салбарынхан маань ч сэтгэл дүүрэн, хүлээлттэй байсан. Эдгээр хүмүүс боловсролын салбарт үр бүтээлтэй, олон жил, тасралтгүй ажилласан боловч нийгмийн хамгааллын ямар ч арга хэмжээнд хамрагдахгүй орхигдож байсан юм.-Хуулийн ямар ямар заалтуудыг хасахаар оруулж ирсэн юм бэ?
-Бүх шатны сургууль, цэцэрлэгт 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 24 сарын, үүнээс сум тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг баримтлан улсын төсвөөс өмчийн хэлбэрийг үл харгалзан ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох, боловсролын сургалтын байгууллагын нийт албан хаагчийг 5 жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар нэмсэн зэрэг заалтуудыг хүчингүй болгосон байна.-Чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд таныг эрх ашгийн зөрчилтэй гишүүн хууль санаачлах эрхгүй мэтээр хариулт өгсөн. Та үнэхээр эрх ашгийн зөрчилтэй хууль санаачлан батлуулсан хэрэг үү?
-Би чинь математикийн багш мэргэжилтэй хүн шүү дээ. Тийм ч болохоор боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлийн төлөө 20 гаруй жил зүтгэсэн. Цаашдаа ч санал бодлоо илэрхийлж шинэчлэлийн төлөөх үйл ажиллагааг дэмжин хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллана гэж боддог шүү. Энэ хууль батлагдсанаар хувийн сургуульд ямар ч хөрөнгө мөнгө авах асуудал шийдэгдээгүй. Зөвхөн боловсролын салбарт ажиллагсадын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн, хүн рүү чиглэсэн хууль батлагдсан юм шүү дээ. Ийм учраас миний хувьд эрх ашиг, сонирхлын зөрчил байгаагүй гэж үзэж байгаа. Чуулганы индрээс Монгол улсын Ерөнхий сайд асуудалд бодитой хандахгүйгээр, хариуцлагагүй хариулт өгсөн гэж бодож байна. Миний ойлгож байгаагаар Ерөнхий сайд өөрөө багш хүн байсан атлаа энэ асуудалд арай өөр өнцгөөс хандах байсан байх.-УИХ-аар батлагдсан хуулийг хэрэгжүүлж эхлээгүй байж хүчингүй болгохоор оруулж ирж байгааг Сангийн яамны санал гэж ойлгож болох уу?
-Ер нь бол тэгж ойлгогдохоор байна. Монголын боловсролын салбар хөгжлийн шинэ үеийн гараан дээр ирээд байна. Боловсролын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, сургалтын чанар стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох ажлыг хэрэгжүүлж байна Чуулганы хэлэлцүүлгийн үед боловсролын сайд Л.Гантөмөр энэ асуудлыг тодорхой үе шаттай хэрэгжүүлж болох талаар саналаа хэлсэн. Тийм болохоор энэ асуудал тодорхой түвшинд хэрэгжинэ байх гэж бодож байна. УИХ-аар баталсан хуулийг Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй болохоос хүчингүй болгох зарчим байхгүй гэж үзэж байна.-Хуулиар боловсролын байгууллагад олон жил тасралтгүй ажиллаж байгаа байдлыг харгалзан тэтгэмж олговол жилд хэдэн тэрбум төгрөг шаардлагатай байгаа вэ?
-Монгол улсыг хөгжүүлэхэд хүний хөгжлийн асуудал хамгийн чухал. Хүнээ хөгжүүлэхэд боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, багш мэргэжлээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, тэдний оюуны хөдөлмөрийн үнэлгээг зөв тогтооход энэ хууль маш чухал үүрэгтэй. Энэ хуулийг батлахад яамнаас өгсөн тооцоо судалгаагаар 51 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргаж өгч байсан. Одоогийн хэлэлцүүлж байгаа төсвийн хуулийн төсөлд 151 тэрбум хэрэгтэй гэсэн зөрүүтэй мэдээллийг сангийн яамныхан танилцуулсан. Энэ асуудлыг судлаж үзэх шаардлагатай байна.-Боловсролын салбарынхан хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг шинэчлэл авчрах сайн хууль болсон гэж дүгнэдэг юм билээ.Энэ талаар?
-Хууль батлагдсанаар хөдөө орон нутгийн цэцэрлэг, сургуульд ажиллаж буй ажилчдын нийгмийн баталгаа зохих ёсоор хангагдан, цаашид тогтвор, суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах эрх зүйн орчин бүрдсэн гэж бид үзэж байгаа. Боловсролын хуулийн 42 зүйл заалт дээр нэмэлт өөрчлөлт хийгдсэн учраас боловсролын салбарынхан маань тэгж дүгнэсэн байхаа. Боловсролын шинэчлэл, шинэ стандарттай уялдуулан боловсролын салбарт ажиллагсадын мэргэжлийг дээшлүүлэх, багшийн нэр хүндийг өргөж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сургалт давтан сургалтын тогтолцоог боловсронгуй болгохоор эрх зүйн зохицуулалт хийгдсэн байгаа. Төрийн албан хаагчид болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын тэтгэмжтэй адилтгах хүрээнд хийгдсэн хууль болсон.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.