Монголын багш нарын баярын мэндчилгээ
Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтнууд, хүүхэд залуучууд, эцэг эхчүүд ээ
Монголын үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 91 жилийн ой болон Монголын багш нарын баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Өнөөгийн боловсролын системийг хөгжүүлэн урагшуулах гол эх үндэс нь багшийг хөгжүүлэх асуудал юм аа.
“Багшийг хөгжүүлэх” хөтөлбөрийг 2011 онд санаачлан батлуулж, хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч боловсролын байгууллагын 90 жилийн ойг угтсан 9-н шилдэг ажлын нэгээр “1000 багшийн хөтөлбөр” шалгарч Улсын хэмжээнд туршлага болохуйц хөтөлбөр болж байгааг хэлэхэд бахархалтай байна.
Дархан-Уул аймгийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2009 оныхоос 3 - 4 дахин нэмэгдэж боловсролын салбарын чанар, агуулга, хүртээмж сайжирч байгааг бас тэмдэглэн хэлье.
Миний бие санаачилж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2010 - 2011 онд аймгийн бүх цэцэрлэг, ЕБС, Их дээд сургуулиудыг компьютерээр хангасан. Мөн цэцэрлэг, сургуулиудын анги танхим тохижуулах, хүүхдийн тоглож наадах орчинг бүрдүүлэх зэргээр сургалтын орчин, нөхцлийг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллаж байна.
Хүн ардаа боловсролтой, үндэсний ёс, заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, иргэншин төлөвшсөн, шинэ үеийн хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг ардын багш та бүхэн үүрч байдаг билээ.
Нарт хорвоод эгнэшгүй нандин сайхан мэргэжлийг эзэмшсэн БАГШ танд чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Эрхэм баян-эрдэм ном дэлгэртүгэй.
Ж.СҮХБААТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА