2025.01.23

О.Батнайрамдал: Энэ хуулиар төр ямар үйлчилгээ, бизнест орох, орохгүйг нь ойлгомжтой болгох ёстой

УИХ-ын чуулганы /2025.01.23/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн ач холбогдлыг Үндэсний баялгийн сангийн хуулийн ач холбогдолтой адил хэмжээнд үзэж байгаа. Монгол Улсад сүүлийн 30 жил байгалийн баялагтай холбоотой авлигын томоохон хулгай, үүнийг дагасан шударга бус хуваарилалтууд орлогыг төвлөрүүлж байгаа ТӨК-удтай холбоотой явж ирсэн. Хуваарилалтын хувьд Үндэсний баялгийн сангаараа дамжуулаад, Үндсэн хуулийнхаа 6.2-ын хүрээнд,Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа хэрэгжүүлээд явж байгаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг амилуулах, урт хугацаандаа мөнгөжих, тогтвортой явуулахад ТӨК-ийн тухай хуулийн шинэчлэл, засаглалыг сайжруулах гэж хараад байгаа юм.

Энэ хууль сайн чамбай, хэрэгжиж байж цаашдаа Үндэсний баялгийн санд орлогыг төвлөрүүлэх боломжтой. Ер ньнэг зоосны хоёр тал гэж харахад буруудахгүй. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн8 дугаар зүйл болж, 5 заалттай яваад байгаа хуулиасаа давсан том концепт яваад байна. Цаашдаа төр ямар үйлчилгээ, бизнест орох, орохгүйг нь ойлгомжтой болгох ёстой.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn