2025.01.23
Э.Батшугар: Аудит хийсэн тайлангаа вебсайтдаа байршуулах тухай заалтыг тусгаж болох уу?
Эдийн засгийн байнгын хорооны /2025-01-23/-ний өдрийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв. /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
Төрийн өмчийн компанийн тухай хуулиудыг харахад олон улсын жишгүүд байгаа. Сингапурын жишиг нь хамгийн сайн жишиг. Хоёрдугаарт нь Норвегийн жишиг байгаа. Мөн Шинэ Зеландын төрийн өмчийн Компанийн тухай хууль 1989 онд батлагдсан. Үүнтэй холбоотойгоор нэмж хэлэхэд бол Английн хувьцаат компаниудын тухай хууль сайндаа тооцогддог. Монголд одоо хэрэгжиж байгаа хамгийн сайн засаглал бол ил тод байдлын тухай. Компанийн засаглал бол банкнууд юм. Ялангуяа хувьцаат компани болчихсон бирждээ гарчихсан банкнууд бол хамгийн ил тод, хамгийн сайн засаглалтай, дээрээс нь нэмээд бүх тайлангуудаа улирлаар болон жилээр нь тавьдаг.
ТУЗ-ийн хараат бус гишүүний 24.6-д байна үүнийг 50% болгож болох уу. Мөн хуулийн 16.1.1-д аудит хийлгэсэн тайлангаа веб сайт дээрээ жил болгон заавал тавих ёстой гэдэг заалт оруулж бололцоотой байна уу? Мөн манай Монголын арилжааны банкнуудад байдаг ТУЗ-ийн доор хараат бус аудитын хороо гэж байдаг. Үүнтэй холбоотойгоор заалт оруулбал зүгээр юм уу гэж бодох юм. Ашигт ажиллагаагаа яг ямар параметрүүдээр тавих вэ? Ялангуяа энэ тал дээр 5.1.2-т бас тодорхой заамаар байна. Мөн одоо онолоороо "нэчуал монополи" гэж ярьдаг. Энэ бол төрийн зохицуулалттай компаниуд ялангуяа эрчим хүч, дулаан мөн бусад зайлшгүй ард иргэд болон нийтэд хэрэгтэй гэхдээ заавал ашигт ажиллагаатай ажиллах зохимжгүй компаниуд байдаг. Энэ дээр ямар байдлаар бас хандаж байгаа вэ? Хариуцлагын хувьд бол 5.1.1-д бас тодорхой хэмжээгээр тавьсан байна. Ил тод нээлттэй байх зарчимтай. Тэгэхдээ үүнийгээ илүү сайжруулах бололцоо байна уу? Түрүүн хэлсэн санхүүгийн тайлангаа тогтмол өөрийнхөө веб сайтад тавьж байх. Худалдан авалтаа ч гэсэн мэдээж тендерээр явж байгаа. Гэхдээ яг ямар компани худалдан авалтдаа оролцож байна. Энэ нь ил тод байх ёстой.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан