2025.01.23

Д.Энхтүвшин: Хувийн хэвшлийг дэмжиж, төрийн оролцоог багасгах хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2025.01.23/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдийн засаг маань хангалттай улс төрөөс хамааралтай болж чадаагүй. Төсвийн нийт зарлагын хэмжээ  ДНБ-ийн 35%-д хүрч байгаа. Төрийн өмчит компаниудын нийт хөрөнгийн хэмжээ, зарлагын хэмжээ нь үүнээс дутахгүй. Нийлээд бараг төсвийн 70 орчим хувь болж байгаа. Топ 100 ААН-үүдийн бараг 90 орчим хувь нь төрөөс олгодог зөвшөөрөл, лиценз дээр суурилж бизнес хийж байна. Чөлөөт зах зээл өрсөлдөөнд суурилсан эдийн засгийн сууриа бид нар хангалттай бий болгож чадаагүй байна. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Үүнийг өөр бусад хуулиудаар зохицуулж болох боломжууд өнгөрсөн хугацаанд байсан. Төрийн өмчит компани алдаа хийх тусмаа томордог. Хувийн хэвшил бол алдаа гаргавал дампуурдаг. Жишээ нь төрийн өмчит компанийн нийт хөрөнгө 11 жилийн хугацаанд 12 дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл асуудлууд үүсэхээр асуудлаа сайжруулъя гэж үзэх биш хэрхэн асуудлаас гарах уу гэдэг улс төрийн дэмжлэг хайж явдаг учраас цаг алдалгүй хэлэлцэх нь зүйтэй. Монгол Улсын хувьд эдийн засгаараа хурдан хөгжих зайлшгүй шаардлагатай.  Хувийн хэвшлийг дэмжих, төрийн оролцоог багасгах чиглэлээр энэ төслийг хэлэлцэх хэрэгтэй. Үүнд сайжруулах зүйл олон байна. 2022 онд 25 компанийг хувьчлахаар УИХ-ын тогтоол гарсан. Энэ тогтоол хангалттай хэрэгжихгүй байна. Яагаад ямар асуудлууд үүсэж энэ тогтоол хэрэгжихгүй байна вэ? Энэ талаар мэдээлэл өгнө үү.

Түүний асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариуллаа.