Мал аж ахуйн салбарын тогтвортой өсөлтийг хангах жишиг төслийг НҮБ-тай хамтран хэрэгжүүлнэ
2024.09.24

Мал аж ахуйн салбарын тогтвортой өсөлтийг хангах жишиг төслийг НҮБ-тай хамтран хэрэгжүүлнэ

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзан, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Ноён Тапан Мишратай бид хөдөөгүүр хэд хэдэн удаа ажлаар явж байсан. Түүнийг би “Зүрх сэтгэлтэй Монгол” гэж хэлэх дуртай. Учир нь тэр малчдад, манай нүүдлийн мал аж ахуйн өв соёлд их элэгтэй.

Өнгөрсөн жилийн зуднаар Тапан Мишра бид хамтдаа хөдөөгүүр явахад нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар, УОК-оос шаардлагатай арга хэмжээг харьцангуй эрт буюу намраас эхэлж авч хэрэгжүүлсний үр дүнд тэдний тооцоолсноос харьцангуй бага хохирол учирсан гэдгийг тэр хэлдэг. Гэвч цаашид бүх төрлийн гамшгийн эрсдэлд хөдөө аж ахуйн салбар, малчид байнгын бэлэн байдалд байхаас өөр аргагүй гэдэгт бид яв цав санал нийлдэг.

Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан Гангийн болон Зудын эрсдэлийн үнэлгээгээр энэ жил ч цаг хатуу орох магадлал их байгаа тул нүүдлийн мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг дээшлүүлэх шаардлагатай байна.

“Малчид хот айлаараа нэгдэж хоршин, хашаа хороогоо дулаалах, худаг ус гаргах, тэжээлээ өөрсдөө тарихын зэрэгцээ малаа эрүүлжүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, түүхий эдийн үнэ цэнийг өсгөх зэргээр малчдыг тогтмол ашиг орлоготой байлгах тал дээр НҮБ-ын зүгээс бүх талаар дэмжин, жишиг төслийг хэрэгжүүлэхэд бэлэн” хэмээсэн НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра танд талархахын сацуу энэ ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа илэрхийлье.