АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2024.05.10

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10, 14-р багт улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ахуйн үйлчилгээний төв баригдаж ашиглалтад орлоо. Тус төв нь орчин үеийн интерьер бүхий ая тухтай, тохилог, стандартад нийцсэн орчныг бүрдүүлэв. Энэхүү ахуйн үйлчилгээний төв нь оффис, хими цэвэрлэгээ, хувцас захиалга засвар, гутал засвар, үсчин гоо сайхан, цаг засвар, утас засвар, саун душ, гэр ахуйн барааны худалдаа зэрэг олон үйлчилгээг нэг дор багтаасан юм.
Ахуйн үйлчилгээ нь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй болохын зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх өргөн боломжийг бүрдүүлдэг.
Энэхүү ахуйн үйлчилгээний төв ашиглалтад орсноор 20 орчим ажлын байр шинээр бий болж, иргэд ажилтай, тогтмол орлоготой болох боломж бүрдэх юм.

Өнгөрсөн жил Жижиг дунд бизнес болон гарааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад зөвлөгөө өгөх, хямд түрээсийн байраар хангахад зориулсан “Бизнес хөгжлийн төв”-ийг улсын төсвийн 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан. Одоогийн байдлаар “Бизнес хөгжлийн төв”-д 11 аж ахуй нэгж түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд арьс, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гар урлал, жижиглэн худалдаа, бэлэн бүтээгдэхүүн худалдан борлуулах, эх бэлтгэл, цай, цайны нэрийн бүтээгдэхүүн, хэвлэх үйлчилгээ үзүүлж байна.