ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГАЛТ СУМАНД 30082, ОТРООР 3160 МАЛ ХОРОГДООД БАЙНА
2024.03.14

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГАЛТ СУМАНД 30082, ОТРООР 3160 МАЛ ХОРОГДООД БАЙНА

Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт энэ өвөл, хавар нийт 24 удаагийн цас унасан, их эрсдэлтэй үнэлэгдсэн. Цасны зузаан тал хээр газартаа 45-60 см, гуу, жалгаараа 1-1,5 м зузаантай хөрлөж хатуурсан байдалтай байна.

Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт, Зүрх, Рашаант, Хужирт, Галт багт жилийн эцсийн мал тооллогоор 363,818 толгой мал тоологдсон бөгөөд нийт 5 багийн нутаг дэвсгэрт 517 цэгт 1,213 малчин өрхийн 326,419 толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Тус суманд отроор 11 сумын 99 өрх, 37,399 толгой мал өвөлжжээ.

Сумын дөрвөн багийн нутаг дэвсгэр, 254 цэгт, сумын төвийн хоёр хясаа, гол дагуух айлууд шар усны үерт өртөх эрсдэл үүсээд байгаа. Мөн малын сэг зэмээс үүдэлтэйгээр Идэрийн голыг бохирдуулах эрсдэл үүсэж болзошгүй тул халдвар, бохирдлын асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь чухал асуудал болоод байна.

Иймд өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас зудад нэрвэгдэж хорогдсон малын сэг зэм устгах, халдваргүйжүүлэх, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах төсөв хөрөнгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам шийдвэрлэн ажиллалаа.