Х.Ганхуяг: БГД төрийн өмчийн сургуульгүй үлдсэн 29-р хорооны асуудлыг яаралтай шийдвэрлэнэ
УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг өнөөдөр /2024.04.05/ хотын дарга Х.Нямбаатарт Баянгол дүүргийн 29-р хороонд төрийн өмчийн сургуулийн асуудлыг шийдвэрлэж өгөх 2000 гаруй иргэний хүсэлт бүхий шаардлагыг өглөө.
Тэрээр “Баянгол дүүрэгт” 16-20 мянган оршин суугчтай томоохон хотхон хорооллууд хамгийн их байдаг. Гэвч хамгийн том асуудал нь төрийн өмчийн сургууль, цэцэрлэггүй баригдсан орон сууцууд.
Би УИХ-ын гишүүн болсон цагаасаа л сургууль, цэцэрлэгийн асуудлыг улиг болтол л ярьж шийдвэрлэх гэж бүх талын арга хэмжээг авсаар ирлээ. Тайгам алтай компани сургууль барих газрыг чөлөөлөхгүй зөвшилцөхгүй байснаас ажил удааширч сүүлдээ иргэдтэйгээ нийлж жагсаал хийсэн.
Өнгөрсөн хугацаанд Баянгол дүүргийн төрийн өмчийн сургуульгүй 10 хороонд 13 сургуулийн төсөл хэрэгжүүлсэн. Харин одоо сургуулийн асуудал шийдэгдээгүй үлдсэн ганц хороо нь 29 р хороо. Тэнд Эрин, Өнөр гэх мэт том хотхон хороолол мөн л сургуульгүй байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх үүднээс тус хороонд байгаа Хувийн сургуулийг төрийн өмчид авах, түрээслэх, эсвэл газрын асуудлыг яаралтай шийдвэрлэх хүсэлт хүргүүлж байна.
Манай Баянгол дүүрэг бол 2000 оны эхэн үеийн төлөвлөлтгүй их барилгажилтын хөлд нэрвэгдсэн дүүрэг гэхэд болно. Энэ ч утгаараа сургууль, цэцэрлэгийн газрыг шийдэх асуудал хамгийн их хүндрэл дагуулдаг.” гэв.