Төрийн үйлчилгээний хүнд суртлыг цахимаар хална
Монгол Улсын 3.5 сая хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудлууд, иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчинг бий болгох бүх бодлогыг хэрэгжүүлж, иргэдийнхээ нийгмийн баталгааг дээшлүүлэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам манлайлан ажиллах эрхэм зорилготой ч, сүүлийн гурван жилд дөрвөн сайдын нүүрийг үзлээ. Улс орны байдал ороо бусгаа энэ цагт Х.Булгантуяа сайдыг тухайн салбарт шинэчлэл хийж ажиллах мэдлэг, туршлагатай хэмээн Монгол Улсын Засгийн газраас үнэлж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилж буйг Ерөнхий сайд онцолж байсан.
Түүний хувьд энэ шинэ салбар биш, УИХ-ын Тогтвортой хөгжлийн дэд хорооны даргын хувьд Монгол Улсын 2030 он гэхэд ядуурлыг тэг болгоно гэж НҮБ-аас авсан том амлалтын хүрээнд стратеги төлөвлөгөө, бодлого боловсруулах чиглэлд илүү анхаарч ажиллаж байгаа төрийн түшээ. Олон улсын эдийн засагч мэргэжилтэй, хувийн хэвшилд олон жил ажиллаж, Сангийн яамны дэд сайд, Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай.
Түүнийг есөн сарын өмнө сайдын ажлаа авахад Засгийн газраас дэвшүүлсэн зорилтын хүрээнд Нийгмийн даатгалын багц хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг боловсруулж, УИХ-аар хэлэлцэх зэрэг тухайн салбарт хүлээгдэж буй олон ажил байсан юм. Харин өнөөдөр түүнд хийсэн ажил хэлэх үг бий. Тухайлбал Нийгмийн даатгалын багц хууль 28 жилийн дараа УИХ-аар хэлэлцэгдэж, Монгол Улс хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжих эрх зүйн үндэс тавигдлаа. Энэ хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ.
Дээрх хуулийн хүрээнд итгэлцүүрээр ахмадуудын тэтгэврийн зөрүүг 10 жилийн дараа шийдлээ. 2023.07.01-ны өдрөөс эхлэн
- Бүх тэтгэвэр авагчдын тэтгэвэр 10 хувиар нэмэгдсэн
- 168,000 иргэний тэтгэврийн зөрүү арилсан
- Тэтгэврийн доод хэмжээг 550,000 төгрөг болгох арга хэмжээг авлаа.
Түүнчлэн нийгмийн халамжийн тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмж 325,000, ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа хүнд олгох тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа хүний тэтгэмж 275,000 төгрөг болж нэмэгдлээ. Мөн Төрийн албан хаагчид, Төрийн захиргааны байгууллага, Төрийн тусгай албан хаагчдын цалингийн зөрүүг арилгаж 20-30 хувиар цалин нэмэгдсэн. Бас нийгмийг талцуулж байсан хүүхдийн мөнгөний асуудал шийдэгдэж, 0-18 насны бүх хүүхдүүд мөнгөн тэтгэмжээ авлаа. Х.Булгантуяа сайдын хувьд хүүхэд хамгааллын асуудалд анхаарал хандуулан ажилладаг гишүүдийн нэг.
Тэрээр хөгжсөн улс орнуудад түгээмэл хэрэглэдэг “Хүүхэд хамгааллын шүгэл” төслийг өөрийн сонгогдсон тойрог болох БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад эхлүүлж байлаа. Энэ удаа салбарын сайдын хувиар 2023 оны намрын чуулганаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж, баталсан. Хуулийн төсөлд Хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн төрийн бүх шатны байгууллага, хүн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоотой уялдуулж, Засгийн газар, хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйлчилгээний хэлбэр, санхүүжилт, хяналт, олон нийтийн оролцоог шинээр тодорхойлжээ. Мөн сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг ажиллуулж, ажил үүргийг нарийвчлан заасан зэрэг чухал зохицуулалт тусгагдсан юм.
Хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд хамгаалдаг цахим системтэй болгоно
Энэ нь төрсний гэрчилгээ олгодог шиг бүртгэлийн систем бөгөөд одоо амьдарч байгаа хаяг, сурч байгаа сургуулиар нь бүртгэдэг. Тухайлбал, хөдөө орон нутгаас Улаанбаатарт шилжиж ирсэн хүүхдүүдийг бид мэддэггүй. Эрсдэлд байгаа хүүхдүүдийн гэр орон байнга нүүж, сургууль нь солигддог. Тиймээс хүүхэд бүр цахим системтэй болсноор хүүхдээ хамгаалах боломж бүрдэнэ.
Төр бус иргэн төвтэй төрийн үйлчилгээг нэвтрүүлнэ
Сайдын хувьд 2024 оны төсөвт хүүхэд хамгааллын мөнгийг 14.3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, батлуулж чадлаа. ХНХЯ-аас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, 2023 оны эхний хагас жилд нийт 43 байгууллагад 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, 190 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байнгын ажлын байртай болжээ. Түүнчлэн энэ засгийн газрын амжилттай хэрэгжүүлж буй цахимжилт, ХНХ-ын салбарт сайн явагдаж буйг дурдах хэрэгтэй. Гэсэн хэдий ч тухайн салбарт цахимаар авсан баримт материалыг цаасан хэлбэрээр давхар бүрдүүлдэг, архивын дүрэм журамтай.
Нийгмийн даатгал, тэтгэвэр тогтоолгох, халамжийн үйлчилгээ авах зэрэг бусад асуудалтай холбоотой 100 мянга гаруй гомдол нэг улиралд ирдэг зэрэг сул тал бий. Үүнийг засаж сайжруулахаар төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийхээр төлөвлөн ажиллаж, төр бус иргэн төвтэй төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ёстой гэж Х.Булгантуяа сайд онцлоод буй. Саяхан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.
Шинэ салхи, шинэчлэл хэрэгтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийж хэрэгжүүлж буй сайдын хийсэн ажил чамлахааргүй байна. Төрийн түшээ хүн нийгмийг шүүмжлэх бус бурууг засах гэж л байдаг гэсэн зарчим баримталдаг, түүний хувьд энэ салбарын шил шилээ дарсан олон асуудлыг шийдэхээр шийдэл хайж, шийдэмгий ажиллах төлөвлөгөө зорилготой ажиллаж буй биз ээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn