Харь нутагт цаазлуулж хэлмэгдсэн иргэдийнхээ гэрэлт самбарыг сүүн цагаан өнгийн боржин чулуугаар босголоо
Москвагийн захын буйдхан цэцэрлэгт, хүний газар, хүйтэн төмөр торны цаана хоригдож, халуун амиараа түүх бичиж, эх орон, элгэн садандаа эргэж ирээгүй….Ерөнхий сайд А.Амар, П.Гэндэн, Улсын бага хурлын дарга Д.Догсом, Улсын бага хурлын орлогч дарга Д.Лосол, Сангийн сайд С.Довчин.. зэрэг эрэмгий удирдагч, эгэл иргэдийн 249 гэрэлт хөшөө бий.
Тэнд очсон монгол хүн бүр уй гуниг, харуусал гомдлыг элэг зүрхэндээ тээж ирдэг юм. Яг ийм л “хөндүүр” сэтгэлийг тээн ирсэн,УИХ-ын Дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа шуурхай хөдөлж, Төрийн соёрхолт барималч Л.Болдын урлан, Москвад 2001 онд босгосон эл хөшөөг эх хувиар нь 2022 онд Улаанбаатар дахь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, “Хэлмэгдэгсдийн дурсгалын ногоон төгөлд” дахин сүндэрлүүллээ. Энэхүү ‘‘Хэлмэгдэгсдийн дурсгалын ногоон төгөл’’ нь ЗХУ-д хэлмэгдсэн 249 монгол хүний ар гэр, үр хүүхэд, гэр бүлийн гишүүд хэлмэгдэгсдийн дурсгалыг эх нутагтаа хүндэтгэх, дурсах орчин бүрдүүлэх чухал ач холбогдолтой болсон билээ. Ардчилалтай нас чацуу ЦАУЗБУК-ын даргаар үе үеийн УИХ-ын дэд дарга ажиллаж ирсэн бөгөөд энэ удаа парламентын анхны эмэгтэй УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа сонгогдон гурав дахь жилдээ даргалаж, санаачилгатай ажиллаж байна.
УИХ-ын Дэд дарга,ЦАУЗБУК-ын дарга С.Одонтуяа
ХҮНИЙ ЭРХИЙГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН АСУУДЛААР
АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
Энэ ч утгаараа С.Одонтуяа хүний эрх зөрчигдөж буй салбар, эрх чөлөөний зөрчилтэй талбар бүрийн асуудалд нухацтай хандаж, чанга тод дуугарч, шийдэл гарган шахаж, шаардсаар байна. Тухайлбал, НҮБ-ын шинжээчдийн дүгнэлтэд Монгол Улсын баривчилгааны 98-99% нь шүүхийн зөвшөөрөлгүй хийгдсэнийг онцолсон байдаг. Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг шүүхээр хэлэлцэж бодитой, баримттай, шийдвэрлэх ёстой байтал шүүхийн шийдвэргүй баривчилж ОДОО ЦАГИЙН ХЭЛМЭГДЭЛТИЙГ бий болгож байна. Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтахгүй байх нийгмийн үзэл сэтгэлгээний талаар соён гэгээрүүлэх ажлуудыг хийж байгаа ч хэлмэгдүүлэлтийн үе шиг өнөөдөр ч хүний эрхийг зөрчсөн шийдвэрүүд гарч, цагдан хорисоор байгаад харамсаж буйгаа С.Одонтуяа гишүүн илэрхийлсээр байгаа.
Мөн яг энэ асуудлаар 7 удаа Засгийн газарт албан бичгээр саналаа хүргүүлж, энэ асуудалд ХЭҮК анхаарч ажиллахыг хүсэн, УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулан Монгол Улсад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчиж буй явдлыг судлах, улмаар энэ асуудалтай холбоотой бодлогын шийдвэр гаргах ажлын хэсэг байгуулсан юм. Түүнчлэн Зэвсэгт хүчний анги салбаруудад хугацаат цэргийн албан хаагчдын цэргийн дэг нэрийн дор дарамталж, эрүүл мэндэд хор хохирол учруулсан тэр байтугай амь насыг хохироох явдал удаа дараа гарсаар байгаа. Иймд хүний эрхийг дээд зэргээр зөрчиж буй энэ үйлдлийг таслан зогсоохыг шаардаж, тэрээр 2021.03.31-ны өдөр Хууль Зүйн байнгын хорооны даргад Хүний эрхийн дэд хороог яаралтай хуралдуулах хүсэлт гаргаж, улмаар Хүний эрхийн дэд хороог хуралдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөмж, Монгол Улсын Засгийн газарт чиглэл гаргуулан ажилласан юм.
Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссоос сүм, хийдүүдэд шавилан сууж байгаа хүүхдүүдийн эрхийн асуудлыг хөндсөн судалгаануудын тайлан, дүн мэдээллийг яаралтай УИХ-д тайлагнаж, үр дүнтэй ажиллах талаар хүсэлтээ илгээж, “Сургуулийн орчин дахь хүчирхийллийг бууруулах” талаар ямар шинэчлэл хийх гэж буй талаар салбарын сайдад асуулт хүргүүлж, олон нийтийн анхаарлыг энэ асуудалд чиглүүллээ. Мөн утаагүй түлшний хор уршиг, төсвийн үрэлгэн зардал, хүний хөгжлөө дэмжээгүй, үр дүнгүй бодлого шийдвэрийн талаар алдаа, оноотой гарах арга зам шийдэлтэй нь УИХ дээр байр сууриа тодорхой илэрхийлж, сөрөг хүчний хяналт тавих үүргээ ч сайн биелүүлдэг “онц” гишүүн гэж түүнийг дүгнэхэд үнэнээс хол зөрөхгүй биз ээ.
“ЭХ ОРОНДОО ХАРИМААР БАЙНА” СУУЛТ
ҮР ДҮНД ХҮРЛЭЭ
Тэрээр дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын үед төрийн ордонд 5 хоногийн суулт зарлаж, хилийн чанадад эх орноо санаж, элгэн саднаа үгүйлсэн монголчуудынхаа төлөө “Эх орондоо харимаар байна” гэсэн уриатай суулт хийж байлаа. Үр дүнд нь, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо яаралтай хуралдаж, Засгийн газарт чиглэл, үүрэг өгөх тухай тогтоол батлагдаж, Улсын онцгой комисс 2021 оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хугацаанд 20 гаруй удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж иргэдээ татан авч эхэлсэн байдаг. Үүгээр зогсохгүй нислэгийн тасалбарын үнийг хөнгөлж, тусгаарлах байрны нөхцөл, үйлчилгээг харгалзан гурван ангилалд хувааж, иргэд өөрсдөө байраа сонгох боломжтой болсон билээ.
Тэрээр Монгол Улсын Их Хурлын гишүүний хувьд бүх хууль, тогтоомжид хүний эрхийг дээдлэх чиглэлээр ямар зүйл заалтууд дутуу байна тэр нэмэлт өөрчлөлтүүдийг өргөн барихаар бэлтгэн ажиллаж байна. Түүнийг хууль санаачлах, боловсруулахдаа сайтар судалгаа хийдэг, мэргэжлийн хүмүүсийг их сонсдог чанартай хууль гаргахад чамбай анхаардаг гэж УИХ дахь “ангийн нөхөд” нь дүгнэдэг юм билээ. Тэр ч утгаараа УИХ-д чанаргүй хууль их орж ирж байгааг зоригтой шүүмжилдэг.
Орчин цагт хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд халдаж, хэлмэгдүүлэлтийн үе шиг хүний эрхийг зөрчсөн шийдвэрүүд гарч, улмаар цагдан хорих үзэгдэл нэмэгдсээр байгаагийн эсрэг үзэл бодлоо тууштайгаар илэрхийлэх болно.
Түүний харьд хэлмэгдсэн монголчуудынхаа гэрэлт самбарыг төрөлх газар шороон дээр нь СҮҮН ЦАГААН өнгийн боржин чулуугаар босгосон энэхүү үйл хэрэг ЦАУЗБК-ын түүхэн ажилд онцгойлон тэмдэглэгдэж, тодоор гэрэлтэнэ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn