2023.06.26

Өндөр рейтингтэй 20 гишүүний дунд ганц эмэгтэй

Улс төр, шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоог бага байлгах нь өнөөгийн эрэгтэй улс төрчдийн нийтлэг сонирхол гэдгийг саяхан баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үед нийгмээрээ харсан. Гэсэн ч эмэгтэйчүүд улс төрд эрчүүдтэй зэрэгцэн оролцох бүрэн чадамжтай бөгөөд үүнд хүйс огт хамаагүй гэдгийг иргэний нийгмийн байгууллага болон эмэгтэй гишүүд энэ үеэр тодорхой илэрхийлсэн бас тэмцсэн. 

Сүүлийн жилүүдэд олон улсад өрнөж буй сонгууль, албан тушаалын томилгоонд жендэрийн тэгш байдал сэдэв бус бодит болж байгааг дэлхий нийтээрээ харж байна. 2022 он гарсаар дэлхийн 14 улсын бодлогыг эмэгтэй удирдагч залж байгаа ч эрэгтэй улстөрчдийн 10 хувьд ч хүрэхгүй байгааг судалгаа харуулдаг. Эрчүүд давамгайлдаг улс төрийн ертөнцөд бүсгүйчүүд зэрэгцэн орших боломж бий гэдгийг өнөөгийн Монголын парламентын эмэгтэй гишүүн харуулсан нэгэн судалгааг танилцуулья. 

Судалгааны дүнгээр эхний 20-д эрэмбэлэгдсэн гишүүд

2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар сонгогдсон өнөөгийн гишүүдийг тойргийн сонгогчид нь хэрхэн дүгнэж, хийсэн ажил нь иргэдэд хүрсэн эсэхийг тодорхойлох зорилгоор Vip76 байгууллагаас 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдрийн хооронд судалгаа хийжээ.

Энэхүү судалгааг телемаркетингийн аргаар явуулсан бөгөөд сонгуулийн насны нийт 13511 иргэн оролцсон байна. Ингэхдээ сонгуулийн бүх тойрог буюу 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн иргэдээс түүврийн аргаар оролцогсодоо сонгосон бөгөөд аймгуудын хувьд бүх сумдаас, дүүргүүдийн хороо тус бүрээс сонгожээ.

Судалгааны дүнг нэгтгэн тойрогтоо хамгийн сайн ажилласан буюу өндөр рейтингтэй 20 гишүүнийг тодруулахад 19 нь эрэгтэй гишүүн байгаа бол 1 нь эмэгтэй гишүүн байна. Нэг үгээр хэлбэл тойрогтоо сайн ажилласан 20 гишүүний дунд ганц эмэгтэй гишүүн орсон нь Завхан аймгаас сонгогдсон Б.Баярсайхан гишүүн байна. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан

Завхан аймаг нь 24 сумтай. Сум бүрээс түүврийн аргаар сонгосон 534 иргэн судалгаанд оролцож, сонгогдсон гишүүндээ үнэлгээ өгсөн байна. Судалгааны асуултаас харвал УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг яагаад дэмжиж байна вэ? гэсэн асуултад 49,4% нь “Ажлаа сайн хийдэг” гэж хариулсан бол 11,1% нь “Эмэгтэй хүн болохоор амьдралд илүү ойр, нэр цэвэр, элдэв хулгайд холбогдоогүй” гэж хариулжээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Баярсайханы тойрогтоо хийсэн ажлуудаас хамгийн үр өгөөжтэй ажлуудыг нэрлэнэ үү? гэсэн асуултанд “Боловсролын салбарт их ажил хийсэн. Бүх сургууль, цэцэрлэгийг бохир усны шугам сүлжээнд холбоно гэсэн. Сургууль, цэцэрлэгийг 00-той болгосон. Шүршүүр, хог шатаах зуух, хогны машин, хог зайлуулж булшлахад шаардлагатай төсвийг улсын төсөвт оруулсан. Хүүхэд хамгаалал тал дээр дуугардаг. Хүүхдийн цэцэрлэгийн тоглоомын талбай, сургуулийн хүүхдүүдийн гал тогооны хэрэгсэл болон хөгжмийн зэмсэг авч өгсөн. Сургуулийн дуу хөгжмийн танхимыг тохижуулсан. Засмал зам барьж дуусгасан. Дулааны шугамд холбосон. Шинэ сургууль, халуун ус барьж байна. Эмнэлэгт багаж төхөөрөмж өгсөн. Хүүхдийн цэцэрлэг, соёлын төв барьсан. Газар тариалангийн сургалт явуулж, дэмжлэг үзүүлсэн. Хойд хилийг нээх талаар дуугарч байгаа. Өмнө нь ажиллаж байсан гишүүдээс илүү сайн ажиллаж байгаа, хөдөлмөрч, зүтгэлтэй.” гэж үнэлжээ.

Угаасаа ч энэ аймаг /Завхан/ бусад аймгуудтай харьцуулахад сүүлийн жилүүдэд хөгжлөөрөө хоцрогдож сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулах нь бүү хэл хотоос хөдөө рүүгээ, сумаас сум хоорондох авто зам ч нь бүрэн шинэчлэгдээгүй, нийслэл хотоос алслагдсан гээд олон зүйлээрээ сүүл мушгидаг байсан нь үнэн. 

Үе үеийн засаг дарга нар нь улс төрийн томилгоотой нөхдүүд очиж нэг эхэлсэн ажлаа бүрэн дуусгадаггүй, төсвийн хөрөнгөөр баригдаж буй бүтээн байгуулалт нь гүйцэтгэл муутай байсан. Харин нутгийн иргэд, тэр дундаа сургууль, цэцэрлэгийн багш, эмч, эмнэлгийн ажилтнууд эмэгтэй гишүүндээ илүү элэгтэй болсон тухай ч судалгаанд оролцсон иргэд хэлжээ. 

Хэдий сайн зүйлс олон байгаа ч Завхан аймаг төдийгүй хөдөөгийн иргэд, малчдад тулгардаг асуудал өнөө ч байсаар байна. Ажлын байр хомс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, малын гаралтай түүхий эдийг боловсруулах чадамжгүй, тэтгэвэр, тэтгэмж нэмэх, эрчим хүчний хүртээмж, худаг ус хомс, бэлчээрийн даац муу, отор нүүдлийн хилийн маргаан гэх мэт бэрхшээлийг иргэд хөндөн хэлжээ. Тиймдээ ч нутгийн иргэд Б.Баярсайхан гишүүнийг дахин сонгогдож ажиллаасай гэж хүсэж байна гэсэн хариултыг 22,8% нь өгчээ. 

Ер нь Б.Баярсайхан гишүүн хөгжил буурай, хот суурингаас алслагдсан аймгийг сонгож, нэр дэвшин өрсөлдөж, 2020 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан нь эмэгтэй хүний хувьд чамгүй зоригтой, шандас сорьсон үйлдэл байжээ гэлтэй. Харин өнөөдөр 3 жилийн дотор төрсөн нутаг ус, сонгосон иргэдийнхээ итгэлийг алдахгүй ийнхүү ажиллаж чадсан нь түүнийг ямар чансааны улс төрч гэдгийг батлан харууллаа. Тиймдээ ч эрчүүийн ноёрхдог улс төрийн тавцанд өндөр өсгийт дээрээ бат зогсож чадаж байгаагаа харуулан өндөр рейтингтэй 20 гишүүний дунд ганц эмэгтэй болон орсон байна.