2021.04.28

Дорнийн говийн ирээдүй гэрэлтэй байна

Энэ удаагийн парламентад сонгогдсон тойрог буюу тухайн аймгийнхаа засаг даргаар олон жил ажилласан 6 хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа. Эдгээр хүмүүсийн нэг бол УИХ-ын гишүүн Төмөртогоогийн Энхтүвшин. Тэрээр 2016 оноос Дорноговь аймгийн засаг даргаар 4 жил ажиллаж, аймгийнхаа нутаг дэвсгэр, хүн малыг гарын 10 хуруу шигээ мэддэг болсон нэгэн.

БНХАУ-ын Эрээн хоттой Дорноговь аймгийн Замын-Үүд сум хиллэж худалдааны бараа эргэлтийн гол суваг болсон. Түүнчлэн чөлөөт бүс, газрын тосны боловсруулах үйлвэр, төмөр зам гээд Монгол Улсын хөгжлийн томоохон бүтээн байгуулалт энэ аймагт хийгдэж байна. Үүнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд аймгаа тэргүүлэн удирдаж байсан Т.Энхтүвшингийн үүрэг оролцоо хамгийн өндөр юм. 

Үүнийг баримтаас харвал Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтцийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн 180 орчим шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээг жил бүр гаргадаг. Тэгвэл 2020 онд Дорноговь аймгийн хувьд хамгийн их ахиц гаргаж, өнгөрсөн жилийн өрсөлдөх чадварын оноогоо ахиулан 21 аймгаас хоёрдугаарт эрэмбэлэгдээд байна. Энэ бол яах аргагүй одоогийн УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингийн хүчин чармайлттай шууд холбоотой юм.

Т.Энхтүвшин гишүүн хөдөөгийн иргэдийн амьдрал, мал аж ахуй, газар тариалан, үйлдвэржилтийн асуудлыг УИХ-ын чуулган байнгын хороодын хуралдааны индэрээс байнга ярьдаг. Энэ нь түүний аж ахуйч, монгол нутгийн шавхагдашгүй баялгийг эрхэмлэгч гэдгийг харуулж байдаг. Тиймдээ ч УИХ-ын гишүүний хувьд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна. Мөн орон нутагтаа сурч, амьдарч байгаа хүүхэд залуучуудаа хамгийн ихээр дэмждэг гишүүн. Тиймээс ч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүнээр ажиллаж байгаа юм.

2016-2020 оны хооронд ажилласан парламентын хугацаанд төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хамгийн их бүтээн байгуулалт хийгдсэн аймаг бол яах аргагүй Дорноговь аймаг юм. Учир нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өмнөх парламентын хугацаанд ажиллах байхад Т.Энхтүвшин гишүүн тухайн үед аймгийнхаа засаг даргаар ажиллаж байсан бөгөөд улс төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгийг зөв зохион байгуулж, дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, орон сууц гэх мэт олон бүтээн байгуулалтыг амжилттай хамтран хийж чадсан юм. 

Өнөөдөр Дорноговь аймгийн бүтээн байгуулалт, иргэдийн амьдрах таатай орчин, хүүхэд залуусын сурах орчны тохь тухыг мэдэх хүмүүсийн дунд нийслэл хотод түгжирч, өндөр өртөг төлж амьдарсанаас Дорноговьд очиж амьдарвал сайхан байна гэж хэлцэх болсон байна.

Төрийн түшээдтэй гар, сэтгэл нийлж нутаг орноо хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааг ч өөд нь татаж болдогийн тод жишээ Дорноговь аймаг болоод байна. Харин өнөөдөр аймаг орон нутгаа олон жил удирдаж явсан хүн төрийн түшээгээр сонгогдоод ажиллаж байгаа энэ цаг үед тус аймгийн ирээдүй гэрэлтэй харагдаж байна.

Одоогийн парламентын 1 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар хамтраад хийсэн зүйл олон. Цар тахлын аюулыг хохирол багатай даван туулахад нутгийн ард олондоо тусалж, хил гааль, цагдаа, эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын байгууллагынхаа алба хаагчдад шаардлагатай хамгаалах хэрэгсэл гэх мэт тусламжийг цаг алдахгүй илгээж, өвлийг өнтэй давахад малчид ард иргэддээ ч чамгүй тусалсан. Өдгөө ч тойрогтоо ажиллаж, төрийн захиргааны байгууллагууд болон БНХАУ-ын хил залгаа хот, суурингийн удирдлагуудтай уулзаж цаашдын хөгжил, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлогын хүрээнд ажиллаж байна.

Магадгүй шинэ парламентын орон нутгийн тойргоос сонгогдсон гишүүд дундаасаа тойрогтоо хамгийн олон очиж, ажиллаж байгааг тоолбол Т.Энхтүвшин гишүүн торойх биз ээ.

Тэрээр УИХ-ын гишүүний хувьд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бусад гишүүдийн хамт санаачлан боловсруулаад байна. Түүнчлэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдад хандан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс баталсан 2021-2025 онд компанийг хөгжүүлэх бизнес төлөвлөгөө баталсантай холбогдуулан 8 зүйл бүхий асуулт тавьсаны дагуу Засгийн газраас дэлгэрэнгүй хариулт ирүүлсэн билээ. 

Мөн Монгол Улсын Шадар сайдтай уулзан орон нутагт тулгамдаж буй зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэхээр болсон. Үүнд:

  1. Монгол улсын төсвийг бүрдүүлдэг, стратегийн ач холбогдол бүхий Дорноговь (Сайншанд, Замын-Үүд), Өмнөговь, Орхон аймгийн ард иргэдийг 2 дахь тунгийн вакцинжуулалтад яаралтай хамруулах,
  2. Байгалийн гамшигт өртсөн өрхүүдэд гэр олгох,
  3. Хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос 300 тонн малын өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх,
  4. Хүчтэй шороон шуурганы улмаас Дорноговь аймгийн болоод отрын мал их хэмжээгээр хорогдсон. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мал, амьтны сэг, зэмийг устгалд оруулах зардлыг орон нутгийн төсөвт хуваарилах,
  5. Дорноговь аймаг байгуулагдсаны 90 жилийн ойтой холбогдуулан говийн бүсийн “Хутагтын хурд” хурдан морины уралдааныг зохион байгуулах асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэхээр боллоо.

Энэ мэт түмнээ төлөөлөн төрөө түшилцэж яваа хүний хувьд хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хийж хэрэгжүүлэх, хэлэлцэн батлах хууль тогтоол, шийдвэр хүлээсэн олон асуудлууд түүнийг хүлээж буй.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn