Financial Times: Л.Оюун-Эрдэнэ: Түүх бүү давтагдаасай, бид сургамж авсан...
-Хээл хахуулийг таслан зогсоосноор Монгол Улсын ашигт малтмалын нөөц нээлттэй болох уу?-
Өргөн уудам говь цөлийн гадаргуунаас доош 1 300 метрийн гүнд уурхайн "тор" гэгдэх ачааны лифтээр түргэн аялсны дараа халуун, тоос шороотой уурхайд битүү орчны айдас салахгүй нь мэдээж.
Харин уул уурхайн инженер Ганбатын Түвшинбат “Энэ бол Монголын хамгийн дулаан газар” гэж хэлээд инээмсэглэв. Жилийн дундаж температур нь тэгээс доош байдаг улсын хувьд "Энд жилийн турш зунаараа байдаг" аж.
Г.Түвшинбат болон түүний ажил олгогч, Англи-Австралийн үндэстэн дамнасан Рио Тинтод инээмсэглэх шалтгаан бий. Арван жилийн дараа гэхэд тус компани Оюутолгойн уурхайгаас жил бүр хагас сая тонн зэс олборлохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ нь 6 сая цахилгаан машин үйлдвэрлэхэд хангалттай юм. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор дэлхийн хэмжээнд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх энэхүү зэсийн том төслийн 34 хувийг эзэмшиж буй Монголын Засгийн газарт ч ашигтай.
Хэдийгээр саад бэрхшээлтэй, удаашралтай байсан ч Азийн энэ улсын түүхэн дэх хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт болсон Оюутолгой бол Монгол ардын намын Засгийн газрын хөгжил цэцэглэлтийн зам гэж бэлгэшээж байгаа юм. Харвардын их сургуульд боловсрол эзэмшсэн, шинэчлэлийн үзэлтэй Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал ач холбогдолтой зэс, уран болон бусад чухал ашигт малтмалын асар их ордыг өрнөдийн уул уурхайн бүлгүүд ашиглаасай гэж хүсч байна.
1990-ээд онд нэг намын удирдлагатай социалист дэглэмээс салсан 3.4 сая хүн амтай тус улсын хувьд хийх зүйл их байна. Л.Оюун-Эрдэнэ амжилттай ажиллаж чадвал хөгжиж буй энэ улс олон жилийн турш ашигт малтмалын нөөцийн өсөлтийг хүртэх болно. Засгийн газар өнгөрсөн жил 15 тэрбум ам.доллар байсан дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2030 он гэхэд гурав дахин нэмэгдүүлж, бараг 50 тэрбум ам.долларт хүргэж, Монголын ядуурлын түвшинг хоёр дахин бууруулж, 15 хувьд хүргэхийг зорьж байна.
Үүнээс гадна, бас өөр нэг зорилго нь өрнөдийн хөрөнгө оруулалтын давалгаа Улаанбаатарт Бээжин, Москвагийн эсрэг маш их хэрэгтэй байгаа халхавч /буфер/ болж өгөх найдвар төрүүлж байгаа юм. Далайд гарцгүй энэ улс хоёр хөршөөсөө ихээхэн хамааралтай байдаг. Тодруулбал, Хятад улс Монголын зэс, нүүрс зэрэг экспортын 84 хувийг, харин бүх газрын тосны бүтээгдэхүүнээ оруулаад импортынхоо 30 орчим хувийг Оросоос авдаг.
"Монгол Улсын газар зүйн болон геополитикийн нөхцөл байдал маш хүнд байдаг учраас ардчиллаа хамгаалахыг бид хичээж байна" гэж "Financial Times"-д өгсөн ярилцлагадаа Л.Оюун-Эрдэнэ хэлээд гадаадын хөрөнгө оруулагчдыг "анхаарал хандуулж", тус улсын тулгамдсан асуудлыг ойлгохыг уриаллаа.
Л.Оюун-Эрдэнийн хувьд өөрт нь ховорхон боломж олдлоо гэдгийг ойлгож байгаа. Уур амьсгалын зорилтууд нь цэвэр технологид шилжих түүхэн шилжилтийг урагшлуулж, ашигт малтмалын нөөцийг урт хугацааны турш ашиглах хүртээмжийг баталгаажуулахын тулд дэлхийн компаниуд болон Засгийн газрууд эрчимтэй тэмцэл өрнүүлж байна. Одоогийн байдлаар хэт алслагдсан эсвэл хэт эрсдэлтэй гэж тооцогддог орд газрууд ажиллаж байна. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд тэрбээр гуйвамтгай бодлого гаргадаг, гүнзгий бугшсан авлигын өдрүүд өнгөрсөн гэдгийг ойлгуулах ёстой. Мөн уул уурхайн салбар тус улсын нүүдэлчин соёл уламжлалтай зөрчилдөх вий гэсэн айдас, байгаль орчны мэргэжилтнүүдийн шүүмжлэлтэй тэмцэх хэрэгтэй. Эцэст нь, тэрбээр орчин үеийн геологийн мэдээллийн хомсдолыг даван туулах ёстой.
Л.Оюун-Эрдэнэ барууны уул уурхайн салбарт эх орноо найдвартай хөрөнгө оруулалтын газар хэмээн танилцуулахын тулд, Үндсэн хууль, шүүхийн шинэчлэл, хууль бус хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, баялгийн салбарыг зохицуулах бодлого, зохицуулалтыг шинэчлэх “цэвэрлэгээ хийх” ажилд шаламгайлан оржээ.
"Одоогийн байдлаар бидний гол зорилго бол ил тод байдлыг сайжруулах явдал юм. Үүний дараа бид гадаадын хөрөнгө оруулалтын талаар, аль улстай хамтран ажиллах талаар ярилцаж болно” гэж тэрбээр хэлэв.
Л.Оюун-Эрдэнэ бол ийм алсын хараатай Монголын анхны удирдагч биш юм. Хамгийн гол нь “Тэр үүнийг хэрэгжүүлж чадах уу?” гэдэг асуулт хариултаа хүлээж байна.
“Цэвэрлэгээ”
Л.Оюун-Эрдэнэ анхны бүрэн эрхийн хугацааныхаа хагаст хүрээд байхдаа хамгийн том сорилттой нүүр тулсан аж.
Гучаад жилийн өмнөх ардчилсан хувьсгалаас хойших Монголын хамгийн том олон нийтийн жагсаалд оролцогч нартай уулзахын тулд тэрбээр 2022 оны 12 дугаар сард Төрийн ордны гадна гарч ирэхэд хасах температуртай байлаа. Удаан хугацааны турш иргэдийн хардлага сэрдлэгт байсан зүйл буюу тус улсын төрийн өмчит нүүрсний салбарт авлига газар авсан гэдгийг нотолсон албан ёсны баримтуудыг дэлгэсний дараа нийслэлийн Сүхбаатарын талбайд олон нийтийн эсэргүүцлийн жагсаал болсон юм. Хэдэн тэрбум ам.доллар хулгайлсан энэ дуулиант хэрэгт УИХ-ын зарим гишүүн оролцсон байлаа.
Иргэдийн энэхүү уур хилэн нь зөвхөн “газар авсан” хээл хахууль, эрх мэдлээ урвуулан ашиглахтай холбоотой олон нийтийн түгшүүрийн түвшинг илчлээд зогсохгүй, уул уурхайн салбарт өмнө нь амласан боловч биелэгдээгүй байсан амлалтуудыг сануулсан явдал юм.
Сарын дараа Улаанбаатарт шинээр ирсэн АНУ-ын Элчин сайд Ричард Буанган Монгол Улсын хэтийн төлөвийг дүгнэж хэлэхдээ “Ил тод бус, урьдчилан таамаглахын аргагүй тоглоомын дүрэмтэй, авлигад идэгдсэн байдлаараа Монгол Улс хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй. Энэ байдал нь импортлогч, экспортлогч нарт сорилт болж байна” гэжээ.
Гадаад, дотоодод гарч буй шүүмжлэлийн хариуд Л.Оюун-Эрдэнэ олон улсын санхүүгийн зээл авахаас зайлсхийж, Монгол Улсыг хөрөнгө оруулалт хийх боломжтой болгох асуудлыг эдийн засгийн мөрийн хөтөлбөрийнхөө гол цөм болгожээ. Ерөнхий сайд өөрийн баруун гар Хууль зүй, дотоод хэргийн сайд Хишгээгийн Нямбаатарт авлигатай тэмцэх үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг даалгасан юм. Мөрдөн байцаах ажиллагаа явуулахын тулд 17 хүнийг Монгол Улсад шилжүүлэн авчирч, дахин 92 хүнд улаан хуудас өгөхийг Засгийн газар Интерполоос хүссэн байна.
Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн тогтолцоог ч өөрчилсөн. Өнгөрсөн тавдугаар сард батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хууль тогтоогчдын тоог 76 байсныг 126 болгож, УИХ-ын 78 гишүүнийг тойргоос сонгож, бусдыг нь намын саналаар сонгодог холимог тогтолцоог бий болгожээ. Герман, Шинэ Зеланд улсынхтай адил энэхүү шинэ тогтолцоо нь Засгийн газрын танхимд тавих хяналтыг сайжруулах, иргэний нийгмийн төлөөллийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Мөн шүүгчийг томилох, чөлөөлөх журам, олон нийтэд мэдээллийг ил тод болгох, мэдээлэгчийг хамгаалах шаардлага, төрийн өмчит аж ахуйн нэгжийн засаглал, улс төрийн намуудын санхүүжилтэд тавих хяналтыг өөрчлөх зэрэг олон шинэ журам гаргажээ.
Энэ бүхэн нь Монгол Улс зөв чиглэлд явж байгааг харуулж байна гэж Х.Нямбаатар хэллээ. Тэрбээр “Иргэдийн бухимдлыг төрүүлж байсан тусгай зөвшөөрөл олгох журам, газар олголт, хөнгөлөлттэй зээл гэх мэт урьд өмнө нууц байсан нарийн ширийн зүйлс ил боллоо. Засгийн газар бизнесийн салбар дахь оролцоогоо багасгах ёстой гэсэн итгэл үнэмшилд бид хүрсэн" гэжээ.
Л.Оюун-Эрдэнийн төлөвлөгөө нь тус улсын гадаад ертөнцтэй шинэ холбоо тогтоох чадварыг сайжруулахад мөн чиглэж байгаа аж. Монголоос далайд гарах хамгийн ойрын цэг нь 700 км-ийн зайд оршдог. Агаарын тээвэр нь далайн тээврээс дор хаяж зуу дахин үнэтэй гэдгийг Ерөнхий сайд онцлоод, Монгол Улс Хятадаар дамжуулан экспортлох замаа баталгаажуулахаар ажиллаж байна гэж хэллээ.
Улс орны ашигт малтмалын баялгийг ашиглах нь түүхий эдийн үнийн хэлбэлзэлд өртөж, санхүүг нь эрсдэлд оруулах тул уул уурхайн олборлолтоос ашигт малтмалын боловсруулалтад шилжиж нэмүү өртгийн гинжин хэлхээг ахиулах, түүнчлэн говьд нар, салхины эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлж Хятад руу эрчим хүч экспортлохыг эрмэлзэж байна.
Л.Оюун-Эрдэнэ гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа учраас 2024 оны УИХ-ын сонгуульд олон нийтийн дэмжлэгийг авахад ч мөн анхаарах ёстой. Түүний хэлснээр, баялгийн тэгш хуваарилалт нь маш чухал ач холбогдолтой. Үүний тулд Засгийн газар баялгийн орлогыг эрүүл мэнд, боловсрол, ирээдүйн эдийн засгийн өсөлтөд чиглүүлэх зорилгоор хараат бус Үндэсний баялгийн сан байгуулах төлөвлөгөөг боловсруулж байна.
“Уул уурхайн салбараас орж ирэх орлого өсөхийн хэрээр иргэдийн дэмжлэг ч нэмэгдэнэ гэж бид үзэж байна” гэж тэр нэмж хэлэв.
Чухал ач холбогдролтой ашигт малтмал
Ерөнхий сайдын шинэчлэлийг дүгнэхэд хэтэрхий эрт байна гэж олон хүн хэлж байгаа ч Л.Оюун-Эрдэнийн үг олон нийтэд хүрч буйн шинж тэмдэг ажиглагдаж байна.
Долоодугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын төвд байрлах тансаг зэрэглэлийн Шангри-Ла зочид буудалд олон зуун хөрөнгө оруулагчид, уул уурхайн салбарынхан, дипломатууд, улстөрчид Монгол Улсын баяр наадмыг тэмдэглэлээ. Монгол Улсад тэдний хүрэлцэн ирсэн нь Монголын баялгийг дахин сонирхож эхэлсний нотолгоо гэж үзэж байна.
Дэлхий нийтээрээ цэвэр эрчим хүчний системд шилжих, тэр дундаа цахилгаан тээврийн хэрэгслийг оролцуулан, нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлийн дэд бүтцийг байгуулахад шаардлагатай нөөцийн хомсдлын асуудал тэдний анхаарлын төвд байлаа.
Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ мэдээлснээр, сүүлийн таван жилийн дотор эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой ашигт малтмалын зах зээл хоёр дахин өсөж, 320 тэрбум долларт хүрчээ. Газрын ховор элемент, литий, кобальт зэрэг чухал ач холбогдолтой ашигт малтмалын эрэлт ирэх арван жилд 600 хувиар өсөх төлөвтэй байна. Зэсийн эрэлт 2035 он гэхэд жилд 50 орчим сая тонн болж хоёр дахин өснө гэж таамаглаж байна.
Хэрэв дэлхий дахинд 2050 он гэхэд хорт утааны ялгарлыг тэглэнэ гэж үзвэл ирэх таван жилд цөмийн эрчим хүчний салбарт оруулах жил тутмын хөрөнгө оруулалт мөн гурав дахин өсөж, ойролцоогоор 125 тэрбум ам.долларт хүрнэ гэж ОУЭХА тооцоолжээ.
Австралийн сансрын агентлагийн Зөвлөх зөвлөлийн дарга, ашигт малтмалын шинжээч Меган Кларк Монгол Улс ашигт малтмалын “маш их нөөцтэй” гэж хэлсэн байна. Тэрбээр зэс, уран, газрын ховор элементийн арвин нөөцтэйгээс гадна, өндөр технологийн материал боловсруулах “шинэ үйлдвэрүүд” байгуулах боломжтойг онцолжээ.
Цөмийн эрчим хүчийг дэмжигчид тус улсыг цөмийн эрчим хүчний салбарт урт хугацааны нийлүүлэгч байх боломжийн талаар мөн адил өндөр сэтгэгдэлтэй байна. Монголын анхны ураны уурхайг байгуулж буй Францын “Орано” группын төлөөлөгч Оливье Тумир хэлэхдээ: "Энэ бол Монголын эдийн засгийг төрөлжүүлэх томоохон эх үүсвэр гэж би үзэж байна. Дэлхийн дулаарал нь цөмийн эрчим хүчний шинэ эхлэлийг дахин нээж буй нь тодорхой" гэж хэлсэн байна.
Рио Тинтогийн удирдлагууд Монголын боломжийн талаар хөрөнгө оруулагчдад танилцуулахдаа “Орчин үеийн хайгуул, олборлолтын аргаар хөндөгдөөгүй асар их ашигт малтмалын баялаг” гээд Монголын газар нутгийн дөнгөж 4 хувь нь буюу Алясктай ижил хэмжээний газар хайгуулын лицензтэй байгааг онцолжээ.
Бодит байдал дээр Монголд ирж буй хайгуулчид нүүрс, алтыг онилсон ЗХУ-ын үеийн судалгааны хэсгүүдээс ашигт малтмалыг маш хурдан илрүүлдэг, тэдгээр нь ч харьцангуй бага гүнд байдаг. Тэгэхээр Монгол Улсыг маш ховор хөндөгдөөгүй боломж гэж зах зээлд зарлаж байгаа ч хайгуулын мэдээлэл дутмаг байгаа нь салбарын хувьд томоохон асуудал хэвээр байна. Тиймээс компаниуд бүхнийг “тэгээс” эхлэх хэрэгтэй болно.
Үүнийг шийдвэрлэхийн тулд Европын сэргээн босголт хөгжлийн банк Австралийн дэмжлэгтэйгээр сүүлийн жилүүдэд Монголын геологийн шинжлэх ухааны үндэсний мэдээллийн санг байгуулах ажилд тусалжээ. Гэхдээ тус мэдээллийн санг геологийн шинэ хайгуулын мэдээллээр байнга баяжуулах хэрэгтэй. Тус салбарын үндэсний удирдагчид эрсдэлийг бууруулж, хувийн хэвшлийн хайгуулчдыг татахад шаардлагатай гэж үзэж байгаа орчин үеийн судалгааны зардалд 200 орчим сая ам.долларыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраар төлүүлэхээр чимээгүйхэн лоббидож байна.
Рио Тинтогийн ТУЗ-ийн гишүүн, Австралийн Сансар судлалын агентлагийн ажилтан М.Кларк хэлэхдээ, дэлхий даяар ашигт малтмалын эрэлт нэмэгдэж буйтай холбогдуулан хөрөнгө оруулагчдыг татахаар хичээж байна. Монгол Улс ганцаараа зүтгээд байгаа юм биш. Монгол Улс юуны түрүүнд уул уурхай хариуцсан албан тушаалтнуудаа зохих мэдээлэл, нөөц бололцоогоор хангах ёстой. Хайгуул, ашиглалтын зөвшөөрлийг хянах үүрэгтэй байгууллагуудаа үндэсний баялаг, чадавх гэж үзэх ёстой гэжээ.
Монголын нөөц бололцоог Өмнөд Солонгос технологийн үйлдвэрлэлийн хүчирхэг төв болон хувирсантай зүйрлэсэн байна. Рио Тинтогийн ТУЗ-ын дарга Доминик Бартон 1970-аад онд Өмнөд Солонгост “эрчим хүчний хангамж маш бага...аж үйлдвэрийн зах зээл байхгүй, хөрөнгийн хүртээмж маш бага байсан” гэж тэмдэглэжээ. Хятад дахь Канадын дипломат ажилтан байсан, мөн “McKinsey”-ийн ахлах захирал асан Д.Бартон “Монгол Улс ойрын 30 жилд ч мөн адил өөрчлөлтийг туулж чадна гэдэгт итгэх бүх шалтгаан бий” гэж үзэж байна.
Рио Тинто зэрэг компани ашигт малтмалын олборлолтоос өндөр өртөгтэй боловсруулалт руу шилжихэд Монгол Улсад туслах үүрэгтэй гэж Д.Бартон нэмж хэлсэн байна. Харин Монгол дахь боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулах тухайд болгоомжлол бий. Риогийн хөрөнгө оруулагчид тус компанийг уул уурхайн үндсэн бизнесээсээ халихаас болгоомжилж байгаа гэжээ.
Их гүрнүүдийн шахалт
Монгол Улс өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд өрнөд рүү тэмүүлж байгаа ч улам бүр нэмэгдэж буй геополитикийн хурцадмал байдлаас зайлсхийх ёстой.
Л.Оюун-Эрдэнэ зургаадугаар сарын 27-нд Бээжин дэх Ардын их хурлын танхимд орж ирээд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй гар барин мэндлэх үед энэхүү болгоомжтой хандлага илт харагдаж байлаа. Түүний айлчлалын үр дүнд Хятад-Монголын хилийн боомтын хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх тохиролцоонд хүрч, Хятадын нийслэлээс зүүн өмнөд зүгт байдаг Тяньжин боомтыг ашиглах асуудлаар хэлэлцээ хийжээ. Мөн тэр өдөр, АНУ-ын Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Хосе Фернандес Монгол Улстай чухал ач холбогдолтой ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг баталгаажуулах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.
АНУ, БНХАУ-тай нэгэн зэрэг гэрээ байгуулсан нь Монголын удирдагчийн прагматик хандлагыг онцоллоо гэж дипломатууд үзэж байна. Энэхүү стратегид Украины асуудлаарх НҮБ-ын тогтоолд санал өгөхөөс түдгэлзсэн явдал мөн багтаж байгаа аж.
Сөүлийн Евха эмэгтэйчүүдийн их сургуулийн олон улс судлалын профессор Лейф-Эрик Ийсли хэлэхдээ, Монголын Москва, Бээжингийн эсрэг “хамгийн сайн бооцоо” бол хөрөнгө оруулалт татах явдал юм. “Улаанбаатарын гол хувьсагч нь дипломат түншүүд болон олон улсын байгууллагуудад дотоодын шинэчлэлээ чин сэтгэлээсээ хэрэгжүүлж буйгаа илтгэх найдвартай ардчилсан манлайлал юм” гэж тэр хэлжээ.
Улаанбаатар тугамдсан асуудлуудаа шийдвэрлэхээр шаламгайлж буй нь илт мэдрэгдэж байна. Цар тахлын үеэр Хятадтай хиллэдэг 4630 км-ийн хилийн дагуу гурван жил худалдааны хязгаарлалт тавьсан нь аль хэдийн эмзэг байсан Монголын эдийн засагт хүнд цохилт өгсөн юм. Дараа нь Орос улс Украин руу халдан довтолсон нь түргэн сэргэх найдварыг үгүй хийж, инфляц өнгөрсөн жил дунджаар 15 хувьд хүрчээ.
Гуравдугаар сард Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлснээр 2022 онд 4.7 хувийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засгийг энэ онд 5.2 хувийн өсөлтөд хүргэх төлөвтэй байна.
Дэлхийн банкнаас богино хугацаанд Монгол Улсад төсвийн сахилга бат чухал хэвээр байгааг анхааруулжээ. Гэсэн хэдий ч ирэх жилүүдийн тогтвортой өсөлт, ирээдүйн гадаад цочролыг тэсвэрлэх чадвар нь Засгийн газрын шинэчлэлийн үр дүнгээс хамаарна. Гадаадын нэгэн дипломат “Тэдэнд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэд барууны хөрөнгө оруулалтыг илүүд үздэг" гэж хэлсэн байна.
Гэхдээ Оюутолгойн өнгөрсөн хугацааны “алаг түүх” түүний ирээдүйн зам дардан байхгүй гэдгийг тодотгож байна. Тус зэсийн орд нь 2001 оны дэлхийн хамгийн сонирхолтой ашигт малтмалын нээлтүүдийн нэгд тооцогдож байсан ч ашиглалтын зардал нь олон тэрбум доллараар хэтэрч, олон жил саатаж, ялангуяа 2016-2020 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жан-Себастьян Жакийн үед Улаанбаатар, Рио Тинто хоёрын харилцаа ноцтой байдалд орж байсан юм.
Түүний оронд томилогдсон Якоб Стаусхолм Монголын Засгийн газрын 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх хэлэлцээнд зуучлан, хурцадмал байдлыг намжаасан билээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын төсвийн орлогын 10 орчим хувийг Оюутолгойгоос бүрдүүлсэн гэж Рио Тинто онцолжээ. Гэсэн хэдий ч уг төслийн ногдол ашиг төлөх цаг хугацааны асуудал тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд энэ нь олон жилийн дараа шийдэгдэж магадгүй, зарим талаараа зэсийн үнээс мөн хамаарна.
“Oyu Tolgoi Watch” байгаль орчны байгууллагын захирал Дүгэрсүрэнгийн Сүхгэрэл хэлэхдээ, уурхайн хортой хог хаягдлын менежмент, байгаль орчны ил тод хараат бус хяналтгүй байдал, нутгийн нүүдэлчин малчдад үзүүлэх үр дагаварын талаар олон арван жилийн турш бусад хүмүүстэй хамтран дуу хоолойгоо илэрхийлсээр ирсэн аж. “Мэргэжилтнүүд танд энэ бол дэлхийн бөмбөрцгийн зөвхөн нэг цэг гэж хэлнэ. Үнэн хэрэгтээ энэ цэгүүд нэмэгдсээр мянга мянган цэгтэй болох үед хуримтлагдсан нөлөөллийн үр дагавар өөр болно" гэж тэрбээр шинэ уурхайнуудын “том нүүдлийн” талаар ярилаа.
Оюутолгойн ихэнх түүх Л.Оюун-Эрдэнийг засгийн эрхэнд гарахаас өмнө болсон ч, тус уурхайн асуудал нь ТЭЗҮ болон санхүүжилтийн төлөвлөгөөний ил тод байдал, үнэн зөв байхын ач холбогдлыг дутуу үнэлсэнтэй холбоотой гэж Ерөнхий сайд хэллээ. Тэрбээр цааш нь "Түүх дахин бүү давтагдаасай. Бид сургамж авсан" гэж хэлсэн юм.