Засгийн газар өрийн менежментийн "Мөс зүсэгч"-ийн үүргээ амжилттай биелүүллээ
“Монгол Улсын иргэн бүр 30 сая төгрөгийн өртэй байна” гэж ярьж, халаглаж байсан нь саяхан. Монгол Улсын гадаад өр болох 33 тэрбум ам.долларыг одоогийн ханшаар үржүүлэхээр 116.2 их наяд төгрөг. Үүнийгээ 3.5 сая иргэнд хуваахаар нэг хүнд 33.5 сая төгрөг болно. Задлаад харвал нийт гадаад өрийн ¼ нь л Монгол Улсын Засгийн газрын өр. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчийн мөнгөөр баталгаажсан өр. Бусад 25 тэрбум ам.долларын өр нь хувийн секторынх.
Хувийн секторын тавьсан өрийг хэзээ ч Монгол Улсын иргэд хариуцна гэж байхгүй. Засгийн газрын өрийг бид хэчнээн сайн сахилга баттай авч явна, төдий хэмжээгээр хувийн секторын 25.8 тэрбум ам.долларын өр иргэн дээр санхүүгийн хариуцлага болж очихгүй. Эндээ л ялгаа нь байгаа юм, гэж Сангийн сайд Б.Жавхлан саяхны ярилцлагадаа хэллээ. Тэгвэл та бид өдгөө хийгээд ирээдүйд, үр хойчдоо өр үлдээхгүй нь гэж сэтгэл амарч болох нь ээ.
Хугацаа нь тулсан “Хуралдай” бондын үлдэгдэл төлбөрийг төлөв
Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалж, Засгийн газрын 2024 онд эргэн төлөгдөх Хуралдай бонд, 2026 онд эргэн төлөгдөх Номад бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүллээ.
Засгийн газрын гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг урт хугацаанд жигдлэх, өрийн багцын эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгах, гадаад үнэт цаасны төлбөрийг боломжит хэмжээгээр төсвөөс төлж нийт үлдэгдлийг бууруулах зорилгоор Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022, 2023-2025 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн 2022-2024 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 2.2 тэрбум ам.долларын гадаад үнэт цаасны үлдэгдэл төлбөрүүдийг “Century” I, II, III төслийн хүрээнд өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүллээ.
ДЕФОЛЬТЫН ИРМЭГЭЭС ШИНЭ СЭРГЭЛТ РҮҮ
1990 оноос хойш бид зах зээлийн харилцаанд ормогцоо Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын олон талд харилцаатай хөгжлийн институцийн гишүүн орон болсон. Ингээд тэдгээр байгууллагуудаасаа урт хугацаатай, нэн хөнгөлөлттэй зээлийг авч улс орныхоо хэрэгцээтэй салбарт хөрөнгө оруулалт хийж ирлээ. Тэднээс гадна Япон, Хятад, Герман зэрэг донор орноос мөн зээл авч ирсэн. Харин 2012 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газар анх удаа олон улсын санхүүгийн зах зээл дээр “Монгол Улсын Засгийн газар” гэсэн кодтой, богино хугацаатай арилжааны бонд арилжаалж эхэлсэн. Энэ бол өнөөх урт хугацаатай зээлээс тэс өөр ойлголт. Энэ хугацаанд засаглаж байсан эрх баригчид Чингис, Самурай, Дим сам, Хуралдай, Гэрэгэ гэх мэт нэртэй бондуудыг гарган олон улсын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалтын болон төсвийн алдагдал нөхөх, өрөө өрөөр төлөх зээлийг авсан байдаг. Эдгээр нь монголчуудад өгөөж өгөөгүй. Дараагийн үедээ эдийн засгийн дарамт болгож үлдээсэн.
2016 онд МАН олонх болж Засгийн газраа байгуулж энэ өрийг яах талаар хэлэлцэн, дунд болон урт хугацааны өрийн менежментийн стратегийг зурагласан байдаг. Ингэхдээ зөвхөн Засгийн газар бус Улсын Их Хурлаар төлөвлөгөөгөө батлуулж, бараг хуульчилсан. Ингээд түүнийхээ дагуу явдаг сахилга баттай болж ирсэн.
УИХ-аар гурав гурван жилийн стратеги батлуулдаг. Засгийн газрын 2019-2022, 2023-2025 оны өрийн стратеги гарсан бөгөөд одоогийн Засгийн газар, Сангийн сайд сүүлийн хоёр удаагийн стратегийг дамнаж ажиллаж байна. Тиймээс өрийн хувьд сүүлийн жилүүдэд маш сайн эерэг үр дүн өгсөн. Сайн менежмент сайн сахилга батыг барьж чадсан учраас эдийн засаг, гадаад орчинд эерэг нөлөө гарсаар байна.
Өнгөрсөн 33 жилээс бондын төлбөрүүд болон урт хугацаатай хөнгөлөлттэй хөтөлбөрийн эргэн төлөлтөөр хамгийн өндөр ачаалалтай нь сүүлийн дөрвөн жил байлаа. Эхний хоёр жил нь ковидтой. Хоёр хил хаагдчихсан. Сүүлийн хоёр жил нь дайнтай. Гэхдээ энэ дөрвөн жилд бид ямартаа ч гадаад өрөөс хамааралтай Монгол Улсын Засгийн газрын дефольтыг эрсдэлгүй болгож чадсан. Энэ бол бидний том амжилт. Зээлжих зэрэглэлээ хамгаалж чадсан. Хөгжлийн банкны зээл, бондуудаа цаг хугацаанд нь төлж чадлаа. Хэрвээ ингэж чадаагүй бол Монгол Улс дефольтоо зарлана. Зээлжих зэрэглэл нь дампуурлын зэрэглэл рүү очно. Үүнийг дагаад хувийн хэвшлийн 25 тэрбум ам.долларын өрийг дахин санхүүжүүлэх боломжгүй болж, ААН-үүд дампуурах эрсдэлтэй болно. Монгол руу орох урсгал бүгд хаагдана. Төв банкны валютын нөөц үндсэндээ тэглэгдэж, шавхагдана. Ийм хүнд үеийг сүүлийн хоёр жилийн дотор амжилттай зохицуулж, давсан.
Ингэхдээ нэгдүгээрт, стратеги буюу УИХ-аас өгсөн гэрийн даалгаврыг маш чанд сахилга баттай биелүүлсэн. Хоёрдугаарт, Засгийн газар төлбөрийн тэнцлийн шокоос амжилттай гарахын тулд нүүрс, экспортын гол түүхий эдийг дагасан авлига, хээл хахуулийн эсрэг шат дараатай арга хэмжээ авсан. Мөн Хөгжлийн банканд хатуу арга хэмжээ авсны үр дүнд богино хугацаанд төлбөрийн тэнцлийн шокоос гарсан. Ингэснээр төсвийн орлого сайжирсан. Төлбөрийн тэнцэл анх удаа өндөр хэмжээний нэмэхтэй боллоо. Төв банкны валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллароос давж гарлаа. Ингэсний үр дүнд сүүлийн жилүүдэд тулж байсан бүх өрөө амжилттай зохицуулалт хийсэн.
ТӨСВИЙН САХИЛГА БАТЫГ ЧАНД БАРИМТЛАН, ӨРХИЙН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРАВ
Жил бүрийн улсын төсөв батлагдах үед орлогоо өндрөөр төсөөлж, зарлагаа нэмсэн, алдагдалтай төсөв баталж, тэр нь жилээс жилд нэмэгдсээр байсан. 2021 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Сангийн сайд Б.Жавхлан нар 8,8 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг хүлээн авч байсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагын дагуу жил бүр төсвийн алдагдлаа шат дараатай бууруулах хязгаарлалттай ажилласаар 2024 онд 2,1 их наяд төгрөгийн алдагдалтайгаар бууруулан төсвөө батлуулсан юм. Ингэснээр 8,8 их наяд төгрөгийн хэмжээний замбараагүй зардлыг хэмнэж, танан, хүрээг хумиж байж алдагдлыг бууруулсан байна. Энэ суурь нөхцөлийг бүрдүүлж чадсанаараа дараа дараа жил буюу 2025 оны төсвийг алдагдалгүй болгох бүрэн боломжтой тухай Сангийн сайд онцолж байсан.
2024 оны улсын төсвийг Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын 6 чиглэлтэй уялдуулан боловсруулж, экспортыг нэмэгдүүлэх, хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг хийх, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах, эдийн засгаа тэлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тусгасан нь онцлог болсон.
Цар тахал, эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас үүдэн сүүлийн 3 жил өрхийн орлогын түвшинд маш хүнд цохилт авсан монголчууд ирээдүйд итгэх итгэлээ алдаж, улс орны хөгжил гэж ярихаа ч байсан. Гадагшаа гарч хөдөлмөр эрхлэн өр төлбөр, ипотекийн зээлээ төлөх тухай ярьж, явж байсан. Монгол Улс сүүлийн 33 жилийн түүхэндээ анх удаа төсвийн орлогынхоо давсан хэсгээр 2023 оны төсөвт тодотгол оруулсан. Ингэхдээ цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх замаар иргэдийнхээ өрхийн орлогыг дэмжсэн. Үүнийгээ 2024 онд үргэлжлүүлэн төрийн албан хаагчдын цалин, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 10%-иар нэмэхээр төсвөө баталсан.
ОУВС-ийн Гүйцэтгэх захирал Кристина Жоржиевагийн хамт
Монгол Улс ковид болон ковидын дараах хүндрэлийг амжилттай даван туулсан. Төсвийн тогтвортой байдал, сахилга батыг бэхжүүлэхэд чиглэсэн "Төсвийн шинэчлэл"-ийн хуулиудаа баталсан нь сайшаалтай юм. Цаашид хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, зөв менежмент хийж, эдийн засгийн өсөлтөө хадгалах, нөөцөө зөв удирдах нь зүйтэй.
Эдийн засаг сайжирч, инфляц нэг оронтой тоон дээр тогтворжиж, иргэдийн орлого нэмэгдэж, төсвийн зарлага зорилтот бүлэг, хүмүүстээ хүрч байгаа нь Сангийн бодлогыг тодорхойлж, өрийн менежменийг сайн хийж, төсвийг сахилга баттай, чанад баримтлан, олон шинэчлэл хийж байгаа Сангийн сайд Б.Жавхлан болон түүний багийнханы гавьяа мөн.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn