2023.07.06

Ц.Сандаг-Очир: Өмнөх түр хорооны тайлан мэдээг сонсгохгүй дараагийн түр хороог байгуулж буй нь сэжигтэй байна!

УИХ-ын чуулганы /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо"-ны тайлан сонслоо.

Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

Хяналт шалгалтын хорооны тайлан гээд хаваржингаа таг байж байгаад, УИХ-ын нэгдсэн чуулган завсарлахын өмнө гэнэт орж ирэх юм. Сая Г.Ганболд даргын тайланг сонслоо. Нэлээн олон хуудас тайлан уншиж байна. Асар олон луйвар зөрчил байгааг сая сонслоо. Хяналт шалгалтын түр хорооны үндсэн үүрэг нь энэ. Хийгдсэн гэрээ, борлуулалт, тээвэрлэлт нь зах зээлийн үнийн дүнтэй харьцуулахад хэрхэн яаж хийгдсэн юм. Энэ ажлаа ямартаа ч хийсэн юм байна. Харамсалтай нийтийн сонсголыг яагаад хийгээгүй юм. Хэн хийлгээгүй юм. Танай хороо өөрсдөө хүсээгүй юм уу. Хэн хааж, боож, гацаасан юм бэ?

Улс орон авлигатайгаа тэмцье л хэмээн бодож байгаа бол нэн түрүүнд нүүрсний асуудлаа цэгцлэх хэрэгтэй байна. Өндөр дүнтэй, олон жилийн хулгай луйврыг жирийн иргэд хийхгүй. Энэ хулгайд дандаа эрх мэдэлтнүүд, тэдгээрийн гар хөл, хил гааль, татвар, мэргэжлийн хяналт, цагдаа гэхчлэн мэргэжлийн бүхий л байгууллагууд оролцож гэмээ нь энэ том хулгай хийгдэнэ шүү дээ.

Нийтийн сонсголыг хийхгүй, цаг хугацаа хожоод байгаа нь мөн л үүнтэй холбоотой. Хардах эрхийнхээ хувьд ингэж бодож байна. Ард түмэн хөхөө өвлийн хүйтнээр 30 хоног зүгээр нэг жагсаал хийгээгүй шүү. Монголын ард түмэн үүнийг мартаагүй байгаа. Өмнөх түр хорооны тайлан мэдээг сонсгохгүй, дараагийн түр хороог байгуулж буй нь сэжигтэй байна.

Түүний асуултад, УИХ-ын гишүүн Г.Ганболд хариуллаа.