2023.07.06
Ш.Адьшаа: Нүүрсний хулгайн асуудалтай холбоотой түр хорооны сонсголыг хийхгүйгээр яагаад шинэ түр хороо байгуулж байна
УИХ-ын чуулганы /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо"-ны тайлан сонслоо.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
Нүүрсний хулгай луйврын асуудлыг илрүүлэх хянан шалгах хороо шударгаар шалгасан гэж харж байна. Дөрөвдүгээр сард сонсгол хийхээр УИХ-ын чуулганд мэдүүлсэн ч хууль, хяналтын байгууллагаас зөвшөөрөхгүй байна гэж шалтаг хийсээр өнөөдрийг хүргэж, хугацаа дууссан гэсэн шалтгаанаар түр хорооны ажлыг зогсоож айна. Нотлох баримтын сонсгол хийгээгүйд харамсаж байна. Олон булхай зөрчил илэрсэн, оптик гэрээнд хөндөгдөөгүй, гэмт хэргийн замаа төрийн өмчийн эд хөрөнгийг завших хамгийн том луйврын схем энд байсныг түр хороо илрүүлсэн. Хамгийн наад захын жишээ гэхэд Нийслэл хотоо утаагүй болгоно гэж 2-3 үйлдвэр байгуулаад явж байтал Хятадаас утаагүй түлш авна гээд гэрээгээр нүүрс гаргасан.
Түр хорооны сонсгол чуулганаар хийхгүй хааж байгаа нь хардалт үүсгэж байна. Үнэхээр тийм шаардлагатай байсан юм бол УИХ хуульд өөрчлөлт оруулж түр хорооны үйл ажиллагааг сунгаж болох байсан. Одоо шинээр түр хороо байгуулах гэж байна. Хөгжлийн банк дээр түр хороо байгуулаад зарим зөрчлийг дарж, заримын ил болгож будаг шунх түрхээд өнгөрсөн гашуун туршлага бий гэж хардаг. Гэтэл өнөөдөр шинэ түр хороо байгуулж ямар юмыг далдалж, юу авч үлдэх гэж байна гэсэн хардалт төрж байна. Энэ нотлох баримтын сонсголыг яагаад хийлгээгүй байж, шинээр түр хороо байгуулж байна вэ. Харин түр хороог ахалж ажилласан Г.Ганболдыг буруутан болгож байна. Дараагийн түр хороо юу хийх гэж байгаад эргэлзэж, гайхаж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn