Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх асуудлаарх холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулсан дүнг танилцууллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.13\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын 2022 оны 48 дугаар тогтоолоор байгуулагдсан Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаарх холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хорооны танилцуулгыг сонсож байна.
Танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.
Түр хорооны тайлангийн төсөл хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын түр хорооны тогтоолын төслийн тухай танилцууллаа. Түр хороо таван дэд ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд Эрх зүй, санхүү, төсвийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж ажилласан байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Мал эмнэлэгийн чиглэлээрх асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Газар тариалангийн үйлдвэрлэлийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир нар тус тус ахалж ажилласан байна. Ажлын дэд хэсгүүдийн дүгнэлтийг нэгтгэн “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын түр хорооны тогтоолын төслийг боловруулсан байна.
Тогтоолын төсөлд эрх зүй, санхүү, төсвийн чиглэлээр Засгийн газарт зургаан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгожээ. Тодруулбал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, 2023 оны эхний хагас жилд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолд тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, санхүүжилтийг олгохдоо Монгол Улсын Хөгжлийн бодлого, эдийн засгийн төрөлжилт болон бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан газар зүйн байршил, кластерын тогтолцоо, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, зах зээлийн багтаамжийг харгалзан үзэх; хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын зээлийг бизнесийн онцлог, бүтээгдэхүүний төрлөөс хамааруулан зээлдэгчийн төлөх хүүг 3.0-5.0 хувь байхаар тооцож, зээлийн 10-аас доошгүй хувийг хүнсний боловсруулах болон хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд, 10-аас доошгүй хувийг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төслүүдэд гүйцэтгэлтэй нь уялдуулан үе шаттайгаар санхүүжүүлэх, мөн Засгийн газрын хариуцан төлөх зээлийн хүүг эдийн засгийн нөхцөл байдал, Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан тогтоож, шаардагдах санхүүжилтийг жил бүр улсын төсөвт тусгах; хүнс, хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг бэлтгэх, сургах, давтан сургах, мэргэшүүлэх, дадлагажуулах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх; “Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл (Нэмэлт санхүүжилт 2)”, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл-ийн 2 дахь шат”, “Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай мал аж ахуй”, “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөрөнгө оруулалтын хөтөлбөр” зэрэг гадаадын зээл тусламжаар шинээр хэрэгжүүлэх төслүүдийг яаралтай эхлүүлэх; хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа болон шинээр хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтийг Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолд тусгагдсан үйл ажиллагаатай уялдуулан санхүүжүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж ажиллахыг чиглэл болгосон байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр “Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн стратеги” боловсруулж батлуулах, стандартын шаардлага хангасан үржлийн малыг тусгайлан тогтоосон бүс байршилд үржүүлэх ажлыг эрчимжүүлэх, бэлчээр ашиглалт, хамгаалалтын менежментийг сайжруулах, хадлан, гар тэжээл бэлтгэх, тэжээлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай үр, бордоо, техник тоног төхөөрөмжийн хангамжийг бүрдүүлэх, малын төрөл, ашиг шимийн үзүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тэжээл үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодлого, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, эрүүл бүсийг тогтоох, био бэлдмэлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Биокомбинатын үйл ажиллагааг өргөтгөн шинэчлэх, вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгох санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөх нь зүйтэй хэмээн Түр хорооны ажлын дэд хэсэг үзсэн бөгөөд үүнийг тогтоолын төсөлд тусгажээ.