2022.10.27
С.Ганбаатар: Засгийн газар ард иргэдээ хохироосон хариуцлагаа яаж үүрэх вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.27\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Монгол банкны тухай хуулийн 4.1-д Монгол банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино гэж байгаа. Одоо тогтворгүй болчихсон. 21.4-т Монгол банк валют худалдан авахдаа төгрөгийн тогтвортой байдлыг хангана гэсэн.
22.2-т эдийн засгийн тэнцвэрийг хангана гэсэн боловч огт тэнцвэргүй болсон. Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, бүх хувийн хэвшил, хүн амын эдийн засгийг зохицуулна гэж заасан. Төр зохицуулалт хийж чадахаа больчихлоо. МАН эрх баригчид эдийн засгийн зохицуулалтаа бүр огт хийж чадахгүй байна.
Үндсэн хуулийн 19-дүгээр зүйлд төрөөс хүний эрх, эдийн засгийн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж байгаа шүү. Хүлээнэ биш хариуцна. Одоо хариуцлагаа хүлээх цаг болсон. Энэ дээр Монгол банкыг буруутгамааргүй байна. Монгол банкны заалтууд дээр 7 давтагдсан зүйл байсан. Бид дийлэхээ болилоо. Бидний хяналтаас гарлаа.
Мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл болох бодлогын хүүгээр нийлүүлэлтийн хязгаарлалтыг бууруулах, зардлын өсөлтөөр өдөөгдсөн инфляцыг удирдах боломжгүй болчихлоо. Ингэж хэлж байгаа юм. Эдийн засгийн бусад оролцогчдын үүрэг чухал. Тэд үүргээ биелүүлэхгүйгээс болж бид ийм хүнд байдалд орчихлоо гэдгийг олон удаа давтсан. Бусад оролцогчид гэж бөөрөнхийлж хэлэхгүйгээр тодорхой болгоё. Тогтоолын 8 заалтаас эзэн тодорхой 2 заалт байгаа. Иргэд олон нийтийн санхүүгийн суурь мэдлэг, сахилга бат муу байгаагаас болж ийм боллоо. Дараагийн заалт нь хөдөлмөрийн бүтээмж, ажиллах хүчний ур чадвар муу байгаа учир ийм боллоо. Бусад заалт нь эзэнгүй. Эзэн биетэй байя. Тогтоол батлах гэж бид сууж байна.
Ард иргэд үүнээс болж хохирчихлоо. Ялангуяа бага дунд орлоготой иргэдийн цалин тэтгэвэр, Засгийн газар болон Монгол банкны хамтын ажиллагаанаас болоод хохирчихлоо. Хариуцлагаа үүрнэ гэж Үндсэн хуулийн 17-д заачихсан байгаа. Яаж үүрэх вэ?
Түүний асуултад Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.