2022.10.06

Б.Батжаргал: Мөнгөний бодлого 2023 оны төсөвтэй хэрхэн уялдсан бэ

Улсын Их Хурлын 2022 оны Намрын чуулганаар /2022.10.06/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Батжаргал:

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай бид ярьж байна. Бид “инфляц”-иа нийлүүлэлтээс хамааралтай инфляц хэмээн яриад байгаа. Үүнд мөнгөний бодлогоор нөлөө үзүүлэхэд төвөгтэй, үр дүн нь аажуу гардаг хэмээн ярьцгаадаг. Тэгсэн хэр нь бид мөнгөний бодлогоо илүү чангатгаад байгаа нь ямар учиртай юм бэ?

Нийлүүлэлтээ нэмэгдүүлье гэвэл бодит эдийн засаг руугаа нийлүүлдэг мөнгөний хэмжээг нэмэгдүүлж байж л эдийн засгийн идэвхжилт, сэргэлт нэмэгдэнэ. Эсрэгээрээ үүнийгээ улам агшаачихаар "инфляц"-ын хугацаа урт болчих юм биш үү. Инфляцыг бид “зургаа дээр нэмэх, хасах хоёр” хэмээн ярьж байна. Тоо тавьж болно. Үүнийг хангахын тулд бид мөнгөний, төсвийн бодлогоор болон бусад нөлөөлөх хүчин зүйлээр дамжуулж тухайлсан арга хэмжээ авна. Харин үр дүн нь “ИЙМ” байна гэх мэтчилэн тодорхой төлөвлөлтүүд чинь хоорондоо уялдсан уу?

Валютын нөөц, валютын ханш, төлбөр тооцооны тэнцлийн асуудал нь орлогоос шууд хамааралтай. Гэтэл орлого маань улирлын шинж чанартай. Биднээс хамааралгүйгээр орлогыг саатуулаад байгаа зүйл байна. Төрийн өмчтэй томоохон компаниуд нь өөр дээрээ янз бүрийн үйл ажиллагаа явуулж, урьдчилсан байдлаар борлуулалт, тодорхой бүтээгдэхүүнээр хөрөнгө оруулалт хийдэг. Гадаад худалдаагаа харахаар боломжийн мөртөө тэнцлээ харахаар алдагдалтай байна. Үүнийг хэрхэн яаж зохицуулъя хэмээн бодож байна вэ?

Импортоор орж ирж буй “тэвчиж” болохоор зүйлсийг нь эрх бүхий байгууллагаар нь тодорхойлуулж байж, валютын ханш, төгрөгийн ханшийн сулралыг хамгаалах боломж байна.

Тухайлбал, 400 сая долларын автомашины импортыг эхний хагас жилд хязгаарлалт хийж хэрэгтэй. Энэ мэтчилэн “тэвчиж” болох импортуудыг хэрхэн яаж хязгаарлах юм бэ. Үүнд ямар шийдэл болон бодлогын арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Төсөв даган орж ирсэн хуулиудыг чинь харахаар яг үүнтэй нийцсэн юм төдийлөн харагдахгүй байна.

Түүний асуултад, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хариуллаа