БЗД-ийн 2576 хүүхэд цэцэрлэгт хамрагдахад хүндрэлтэй байна
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох алба хэлтсийн удирдлагууд цэцэрлэгийн хүртээмжтэй холбоотойгоор 14,17,24,42 дугаар хороонд ажиллалаа.
17 дугаар хорооны хувьд гэр хорооллын бүс. Цэцэрлэгийн насны 617 хүүхэдтэй. Үүнээс улсын цэцэрлэг, түрээсийн байр, цомцог гэрээр зохицуулалт хийж 546 хүүхдийг энэ оны 12 дугаар сарын 1-ээс өмнө цэцэрлэгт хамруулж 71 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй эрсдэл үүссэн. Үүнийг Засаг даргын зүгээс яаралтай шийдвэрлэж, холбогдох түрээсийн байрыг олох, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдээд дагаж бий болох тоног төхөөрөмж, хүүхдийн орчинг бүрдүүлэх талаар холбогдох яам, мэргэжлийн байгууллагад уламжилахаар боллоо.
24 дүгээр хороо цэцэрлэгийн насны 710 хүүхэдтэй. Үүнээс 558 хүүхэд улсын цэцэрлэг болон түрээсийн байр, цомцог гэр зохицуулалтаар цэцэрлэгт элсэнэ. Үлдсэн 152 хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхийн тулд шаардлагатай түрээсийн байрыг шуурхайлан хайж, дүүрэгт уламжлахыг Засаг даргаас үүрэг болголоо.
42 дугаар хороо нь 14 дүгээр хорооноос хуваагдсан хороо. 70% орон сууц, 30% гэр хороолол. Гэр хорооллын бүсэд дахин төлөвөлтийн ажлыг эрчимтэй явуулж байна. Тус хороонд цэцэрлэгийн 1246 хүүхэдтэй. Үүнээс 1160 хүүхдийг улсын, хувийн цэцэрлэг, түрээсийн байрны зохицууалтаар 2022 ондоо багтаан элсүүлж авна. Үлдсэн 80 хүүхдийг хамруулахад шаардлагатай түрээсийн байрыг зохицуулалт хийнэ. Ингэснээр тус хорооны хүүхдүүд 100% цэцэрлэгт хамрагдаж байна.
14 дүгээр хороо 959 хүүхэдтэй. Үүнээс 886 хүүхдийг улсын, хувийн, түрээсийн байрнд цэцэрлэгт хамруулна. Үлдсэн 147 хүүхдийг цэцэрлэгт хамруулах шаардлагатай. Энэ хүрээнд хорооны зүгээс холбогдох байгууллагуудтай уулзаж, зөвшилцөж, бүх хүүхдийг 100% цэцэрлэгт 2022 ондоо багтаан хамруулна гэдгээ хэллээ. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ
“Монгол улсын Засгийн газар, боловсрол, шинжлэх ухааны яамнаас Улаанбаатар хотын хүүхэд бүрийг 100% цэцэрлэгт хамруулахаар томоохон ажил зохиогоод явж байна. Үүнийг Баянзүрх дүүрэг 100% дэмжиж ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд хамран тойрох, сугалаа зэрэг асуудал байсан бол энэ жил тийм асуудал байхгүй. Аль болох бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахыг хичээж байна.
Тухайлбал Баянзүрх дүүрэгт энэ хичээлийн шинэ жил 5 цомцог гэр барина, 30 байршилд байр түрээслэх, 9 цэцэрлэгийн байр худалдан авах зэргээр зохицуулж байна. Гэсэн хэдий ч 2576 хүүхэд цэцэрлэггүй хоцрох гээд байна. Үүнд бодлогын хэлтэс, хороо, хэсгийн ахлагчид онцгой анхаарч түрээсийн байр хайх, иргэд ч гэсэн дүүрэг орон нутагтайгаа уялдаатай ажиллаж Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахад боломжоороо туслах хэрэгтэй. Хэрэв бид дүүргийн бүх хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулж чадах юм бол эцэг эхчүүд ажил хийх, ажлын байртай болох зэрэг боломж олдоно.
Мөн нэг том асуудал нь цэцэрлэгт хүүхдээ элсүүлэхийн тулд хэн нэгэнд авлига, хахууль өгдөг байдал таслан зогсох юм. Тиймээс дүүрэг орон нутаг, төр төлөөлж байгаа та бүхэн иргэн бүрд мэдээллээ өгч, хамтарч ажиллах хэрэгтэй. Дээрээс нь цэцэрлэгийн хамрагдалттай холбоотой тооцоо, судалгааны зөрүү байна. Үүнийгээ тодорхой болгож, байгаа бүх хүчээ хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахаар ажиллах ёстой” гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд бүртгэлтэй 35279 хүүхэд, бүртгэлгүй түр оршин суудаг, харьяалал шилжүүлээгүй 5000 гаруй хүүхэд, нийтдээ 40000 гаруй мянган хүүхэд байгаагаҮүнд яаралтай зохицуулалт хийж, түрээсийн байр холбогдох арга хэмжээ авч ажиллана гэв.