2022.08.03
283-дугаар цэцэрлэгт 24 цагийн үйл ажиллагаатай хоёр бүлэг шинээр ажиллана
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй залуу гэр бүлийг дэмжих, зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах зорилгоор 19 дүгээр хороонд байрлах 283 дугаар цэцэрлэгт 24 цагийн үйл ажиллагаатай 2 бүлгийг нээн ажиллуулахад шаардагдах 41,4 сая төгрөгийн санхүүжилтийг Засаг даргын нөөцөөс шийдвэрлэсэн.
Энэ ажлын хүрээнд тус цэцэрлэгийг хатуу, зөөлөн эдлэл, 24 цагийн цэцэрлэгийн стандарт шаардлагад тохирсон тоног төхөөрөмжөөр хангаж, материаллаг баазыг бэхжүүллээ.
Засаг дарга Х.Болормаа сургууль, цэцэрлэгүүдэд ажиллах үеэрээ тус цэцэрлэгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтаар хийгдсэн анги танхимын тохижилт, шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байгаатай танилцаж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан. Мөн Засаг дарга хүүхэд 24 цагаар байрлан сурч, хүмүүжих тул гэр орон шиг нь тохь тухтай, орчин нь аюулгүй, хоол унд нь эрүүл, чанартай байх, багш, тогооч, туслах ажилтан гээд хүний нөөцийн асуудал, тэдний ёс зүйд анхаарч ажиллахыг зөвлөсөн юм.
283 дугаар цэцэрлэг нь дүүргийн зуслангийн бүс буюу 19 дүгээр хороонд байрладаг, 280 хүүхдийн хүчин чадалтай 2020 онд ашиглалтад орсон юм.
Цэцэрлэгийн эрхлэгчээр Г.Мөнхжаргал багш ажилладаг. Тэд анги танхимаа хүүхэд, багачууддаа зориулан өөрсдийн нөөц бололцоо, хүч хөдөлмөрөөр нэмж тохижуулан, олон ажил хийж амжуулжээ. Тухайлбал, урлаг танхимынхаа тайзыг хуучин сиди ашиглан гоёж, хүнсний майонезны сав ашиглан бөмбөр хийсэн бол биеийн тамирын танхимдаа дасгал хөдөлгөөн хийхэд зориулан усны сав ашиглан гантели хийжээ. Уламжлалт монгол ахуй, зан заншлаа таниулах өргөөгөө мөн л танин мэдэхүйн чиглэлээр иж бүрэн тохижуулсан байна.