УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүй байх нөхцөл боломж ойртсон
2022.08.01

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүй байх нөхцөл боломж ойртсон

6 дугаар сарын 1-ний өдөр тооцоолол хийж үзэхэд 34 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, аав ээж, эмээ өвөөгийн гар дээр хүмүүжиж байсан юм.

Тэдний ихэнх нь хоёр настай хүүхдүүд. Харин зуны туршид яам, агентлаг, нийслэл, холбогдох төрийн байгууллагууд хамтран ажилласнаар өнөөдрийн байдлаар тэдний 22 мянгыг нь цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлээд байна. 

Өнгөрсөн 7 хоногт төвийн 6 дүүргийн хүртээмж багатай хороодод цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг бүрэлдэхүүнээрээ ажиллалаа. Одоогоор цэцэрлэгт хамрагдах боломж нь бүрэн бүрдээгүй байгаа 11 мянган хүүхэд байна. Тэдний асуудлыг үлдсэн хугацаанд багтан шийдвэрлэж 9, 10, 11 сар гээд үе шаттайгаар энэ ондоо багтаан цэцэрлэгт хамруулна. 

Хүртээмжийг яаж нэмэгдүүлсэн бэ?

  • Удаашралтай барилгын ажлыг эрчимжүүлэв 
  • Цэцэрлэгийн зориулалттай барилгын худалдан авна
  •  Шаардлага хангасан байр түрээслэж байна
  •  Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэв
  •  Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авна
  •  Хувьсах зардлыг нэмэгдүүлж олгоно
  •  Цомцог гэр төслийг хэрэгжүүлнэ
  •  Хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ

Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах хүрээнд дээрх арга хэмжээг зохион байгуулснаас гадна

  • Хамран сургах тойргийг шинээр тогтоов
  • 1000 туслах багшийг бэлтгэв 
  • Чанартай тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг богино хугацаанд нийлүүлэх чиглэлээр худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзав
  • Төрийн болон хувийн байгууллагууд сул байр, талбайгаар хангаж эхлэв
  • Нийслэл, цахим, бүртгэл, судалгаа, статистик, барилга, эрчим хүчний  байгууллагууд нягт хамтран ажиллаж байна

Тулгамдаж буй асуудал

  • Шинээр ашиглалтад орж буй хотхон, хорооллуудад цэцэрлэг, сургууль төлөвлөөгүй, төлөвлөсөн ч барьдаггүй байдал нь ачаалал үүсгэж байна
  • Хэт ойр, зэрэгцсэн олон том хороолол, хотхоны төвлөрөл нь хүртээмжийг бууруулж байна
  • Хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэд үндсэн болон түр оршин суугчдын бүртгэл хийлгэхгүй байна
  • Хот доторх шилжилт хөдөлгөөнөө иргэд баталгаажуулахгүй байна
  • Төрд байгаа иргэний мэдээлэл зөрөх, тараахгүй байх тохиолдол түгээмэл байна.