2022.08.03
СБД-ийн 282-р цэцэрлэгийн 240 хүүхдийг бусад цэцэрлэгт хамруулах судалгааг гаргахыг үүрэг болгов
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгүүдэд ажиллаж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.
Энэ удаа дүүргийн хойд бүсийн хороодын сургууль, цэцэрлэгт ажиллаж, тохижилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, Засгийн газрын “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 218 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцлаа.
Энэ хүрээнд 248, 150, 283, 159, 175, 166, 282, 281, 130, 171 дүгээр цэцэрлэг, 35, 71 дүгээр сургуулиудад ажиллав.
Эдгээр сургууль, цэцэрлэгүүдэд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн дараах ажлууд бүрэн дуусчээ. Тухайлбал, 171 цэцэрлэгийн дээвэр, 175 цэцэрлэгийн гадна фасад, 166 дугаар цэцэрлэгийн уурын зуухны байрны дээврийн засвар, гадна шугам сүлжээ, 35 дугаар сургуулийн А байрны урлаг болон спорт заалны сангийн засвар, Ухаалаг ангийн тоног төхөөрөмж, интерьер засал зэргийг хийж гүйцэтгэсэн байна.
18 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 282 дугаар цэцэрлэг энэ хичээлийн жилд ашиглалтад орохоор тооцоолсон боловч барилгын явц удаашралтай, зогсонги байдалтай, ашиглалтад орох боломжгүй байна. Иймд Засаг дарга нөхцөл байдлыг бодитоор үнэлж, тус цэцэрлэгт хамруулахаар тооцоолсон 240 хүүхдийг бусад цэцэрлэгт хамруулах судалгааг дахин гаргахыг холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо. Мөн гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзах, ажлын явцыг хурдасгах талаар арга хэмжээ авч ажиллахыг даалгав.
Үүний зэрэгцээ Засаг дарга захирал, эрхлэгч нарын санал хүсэлтийг сонсож нэн шаардлагатай тулгамдсан асуудлуудыг тухай бүр нь шийдвэрлэх гарц, гаргалгааг тохирлоо.