БЗД-т 280 хүүхдийн цэцэрлэг ирэх 9 дүгээр сард ашиглалтад орно
2025.05.16

БЗД-т 280 хүүхдийн цэцэрлэг ирэх 9 дүгээр сард ашиглалтад орно

Баянзүрх дүүргийн хэмжээнд хамгийн их хүн амтай 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.

Тодруулбал Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 280 хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболтын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна.

Тус цэцэрлэг нь сүүлийн үеийн цэцэрлэгийн барилгын стандартын дагуу шалны халаалтыг шийдвэрлэсэн. Мөн нэмэлтээр өрөөний радиатор, паараар хална.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, тус ажлын ерөнхий гүйцэтгэлийг “Жамъян Пайтан” ХХК хийж гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх 9 сард барилгын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.