2022.05.11

Г.Мөнхцэцэг: Хөдөө орон нутагт сурах бичгийн хүртээмж маш муу байдаг

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2022.05.11/-ний өдрийн хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны /тамхины хэрэглээ/ тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

Тухайн улс орны хувьд боловсролын салбар хөгжлийг хөдөлгөгч хүч нь болж байдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Л.Энх-Амгалан сайдын хувьд боловсролын тогтолцоог шинэчлэх гэж нэлээн цаг хугацаа зарцуулж байгаа нь харагдаж байна.

Сурлагын хоцрогдлыг арилгах, нөхөх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж байгаа. Цар тахлын үеийн сурагчид анги дэвшээд, оюутнууд нь ажлын байран дээр гарсан. Тэгэхээр хоцрогдол нөхөх гэдгийг хэрхэн ойлгож, хэрэгжүүлэх вэ?

Хөдөө орон нутагт хамгийн ихээр тулгамддаг асуудлын нэг нь малчдын хүүхдүүдийн сурч боловсрох орчин, насны асуудал байдаг. Тойрогтоо ажиллаж байхад анзаарагдсан зүйл нь ээжүүд хүүхдээ харах гээд төв барааддаг, харин аавууд малаа хараад үлддэг. Үүнээс болж гэр бүл салалт нэмэгдэж байна. Тиймээс малчдын хүүхдийг сургах насны асуудлыг салбарын сайдаас асуух хүсэлт иргэдийн зүгээс их ирдэг. Үүнд салбарын сайд хариулт өгнө үү?

Чанартай сайн, сурах бичиг хэвлэх асуудалд гол анхаарлаа хандуулснаас болж агуулгыг орхигдуулсан нь үнэн. 33 нэр төрлийн 174 сурах бичигт судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт гаргажээ. Үүнээс сурах бичгийн агуулга болоод эх хэлний сурах бичигт хэр зэрэг судалгаа хийсэн бэ?

Хөдөө орон нутагт сурах бичгийн хүртээмж маш муу байдаг. Түрээсийн сурах бичиг хэрэглэх зарчмаар ажиллаж байна. Үүнийг цаашид хэрхэх вэ?

Мөн хот хөдөөгийн багш нарын солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах хүсэлтийг орон нутгийн багш нар тавьдаг. Багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтийг УИХ-ын гишүүний хувьд гаргаж байна.

Түүний асуултад УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn